Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 47

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


47-р бүлэг: Хаа сайгүй улаан сарнай

Империалаас зайдуу, хотын захад зураг авалтын эхний өдөр өнөөдөр тохиож байлаа.

Хамгийн эхний хэсэгт ордны цэнгүүнийг харуулах бөгөөд эзэн хаан гадны төлөөлөгчдийг угтан авч буй хэсэг гарах юм. Долдугаар ханхүү Чү Бэйчэн болон түүний гэргий Шангон Ейнрон нар авхаалж самбайгаа ашиглан төлөөлөгчдийн зүгээс учруулах хүндрэл бэрхшээлүүдийг даван гарч буй тухай өгүүлэх ажээ. Дэ гэргийн дүрд тоглож байсан Нин Ши нэг их зүйл хийх шаардлагагүй байлаа. Тэрээр хаан эзний хажууд ихэмсэг хийгээд тачаадам сайхан хүүхний дүрд тоглоход л болох ажээ.

Гэсэн хэдий ч аагим халуун өдөр эртний олон давхар хувцас углана гэдэг тийм ч таатай зүйл биш ажээ.

Тэр тусмаа Нин Шигийн хувцас хамгийн ярвигтай нь байлаа. Түүний хувцас зузаан материалтайн дээр толгойн гоёлууд нь хүртэл хэдэн килограм даацтай байв.

Ганцхан хэсгийн зургийг авахад л Нин Шигийн хөлс дотроо битүү асгарч байсан авч гаднаас нь харахад хэн ч үл анзаарахуйц байлаа.

Найруулагчийг “Болно!” хэмээн хашхирахад Нин Шүэлүогийн хоёр туслах түүн дээр гүйж очод дуртайяа үйлчилж байлаа. Нэг нь түүнийг сэвж, нөгөө нь түүнд ус өгч байх агаад сандал дээр нь сэрүүцүүлдэг дэвсгэр хүртэл тавьсан байх аж.

Харин Нин Шид нэг ч туслах байсангүй. Тэрээр үүний дараа ч гэсэн зураг авалтуудтай учир балга ус ч уух зайгүй, хувцсаа солих боломжгүй, ердөө л цамцныхаа захын товчийг тайлж, багахан агаар оруулахтай үгүйтэй байлаа.

Тэнд байсан хүн бүр Нин Шүэлүогийн жүжиглэлтийг магтах бөгөөд найруулагч хүртэл түүнийг хэд хэд магтав.

Гэсэн хэдий ч найруулагч бичлэгүүдийг үзэх тоолондоо Нин Шигийн гарч ирсэн цөөхөн хэсгүүдийг л ахин дахин үзэж байсан юм.

Нин Шид хэлэх үг байгаагүйн дээр камер түүн дээр хэдэн хором л төлөврөх авч түүний царайны хувирал дэндүү өөгүй төгс байлаа. Уйтгарлан гиеүрч суухдаа хүртэл лазан хэрнээ харц булаам. Мөн энэхүү эзэнт гүрнийг өөрийн гараар мөхөлд хүргэхээр завдаж байхдаа ч дорд хүмүүсийг үл ялиг басамжилсан харц хүртэл царайнд нь тодорч байв.

Ашгүй дээ хэмээн найруулагчийн санаа сая нэг амарчээ.

Яг энэ мөчид ойр зуур зарагдаж байсан Шяо Ли хүү догдлон хашхирав, “Нин багш аа, таны найз залуу тантай уулзахаар ирсэн байна.”

Мэдээж “Нин багш” гэдэг нь Нин Шүэлүог хэлсэн хэрэг.

Сү Ян сэтгэл сэргээм чөлөөт хувцастайгаа алхаж ирэв. Түүний араас хоёр үйлчлэгч нь том сав барьчихсан ирээд хүн бүрт мөхөөлдөс тарааж өгөв.

“Хөөх! Haagen-Daazs байна шүү дээ! Баярлалаа, Сү эрхэм ээ!”

“Нин багш үнэхээр хувьтай хүн юм аа, Найз залуу нь зураг авалтынх нь анхны өдөр хүртэл ирж байна шүү дээ!”

“Тэнгэр минь! Ганц бие биднийг харж үзээч дээ!”

……

“Ёстой нэг, та нарыг идэх юмаар дайлаад ч дуугүй болгож болохгүй нь ээ!” хэмээн Нин Шүэлүо аалгүйтэн хэлээд, Нин Шид зайрмаг авчирч өгөв.

“Нин дүү, май чи ч гэсэн ид!”

“Баярлалаа” гээд Нин Ши найрсгаар авав.

Энэ хүүхэн үргэлж бусдын өмнө, тэр тусмаа Сү Яны өмнө, сахиусан тэнгэр мэт эелдэг сайхан дүр үзүүлнэ. Нин Шүэлүо хуурмаг дүр эсгэхээсээ огт залхахгүй боловч Нин Ши л лав түүнээс залхаж гүйцээд байв. Аз болоход Нин Ши ч гэсэн жүжигчин мэргэжилтэй учир энэ хүүхний хуурамч жүжигт гар бие оролцохоос нэг их цааргалсангүй.

Нин Шүэлүо суудалдаа эргэж очоод Сү Янд ямар нэг юм хэлэхийг хүссэн боловч хэрхэн хэлэхээ мэдэхгүй байгаа мэт царайлав. Эцэст нь Нин Шүэлүо эргэлзэн янзтай ам нээв, “Ян ах аа, Би Шяо Шид жаахан санаа зовоод байна аа…”

“Хм? Шяо Ши яасан гэж?” хэмээн Сү Ян даруй лавлаж асуув.

“Өнгөрсөн шөнө нээлтийн ёслолын үеэр аав ирээд Шяо Шитэй тааралдаад аа, Шяо Ши аавд юу гэж хэлснийг би сайн мэдэхгүй л байна, гэхдээ түүний хэлэхийг сонсоод аав дүрсхийтэл уурлаж, түүнийг энэ дүрээс хасахыг хүссэн…”

“Яагаад тийм зүйл болчхов оо?” гээд Сү Ян хөмсөг зангидав.

“Би ч өөрөө сайн мэдэхгүй байна. Намайг ирэхэд л лав аав ууртай байсан!”

“Тэгээд юу болсон юм? Шяо Шиг солиогүй л юм шиг харагдаж байна даа?” гээд Сү Ян Нин Шигийн зүг харвал бүсгүй халуун наранд хөлс нь цутгахаас үл ажран зохиолоо хичээнгүйлэн уншиж байх аж.

Бүсгүй хэцүү нөхцөлд байгаа хэдий ч түүний царай нарны туяанд хосгүй сайхан гийсэн хэвээр байв.

Нин Шүэлүо эргэлзэнгүй хэлэв, “Аав өнгөрсөн шөнө зураг авалтын багтай утсаар яриад түүнийг солихоор болсон юм. Гэтэл өнөө өглөө нэг нэрээ нууцалсан хүн энэ кинонд Нин Шиг туслах дүр хэвээр үлдээх болзолтойгоор 50 сая юаны хөрөнгө оруулалт хийсэн байсан. Би Шяо Шиг нөгөө тийм ажил хийж байгаа гэж санаа зовж байна…”

Хүүхний ярихыг сонссон Сү Яны царай барайсаар, эцэст нь аядуу дуугаар хэлэв, “Би Шяо Шиг мэднэ ээ. Тэр тийм юм хийх эмэгтэй биш!”

“Ян ах аа, та дэндүү гэнэн байна. Энтертэйнментийн ертөнц чинь ямар газар билээ дээ? Энд хөл тавиад өөрчлөгдөөгүй хүн байгаа гэж үү? Аз болоход миний дэргэд аав та хоёр байж, намайг үргэлж тусалж дэмждэг шүү дээ. Харин Нин Ши гэрийнхэнтэй таагүй харилцаатай болохоор бидний тусламжийг огт авдаггүй. Та санхүүжүүлэх хүнгүй хөөрхөн эмэгтэйчүүд юу хийдгийг мэдэхгүй гэж үү?”

“Нин Ши, чамайг нэг хүн хайж ирсэн байна!” хэмээн өнөө туслах хүү ахин хашхирав. Энэ удаад дууных нь өнгө нэг л этгээд байв.

Эгшин зуур тэнд байсан бүх хүмүүсийн анхаарал хүүгийн зүг төвлөрөв.

Учир нь тэндээс нүд салгахын аргагүй байсан юм.

Улаан сарнай…

Зураг авалтын танхимыг бүхэлд нь дүүргэхээр их улаан сарнайг хүмүүс оруулж ирж байв…

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s