Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 36

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                 Дараагийн бүлэг


36-р бүлэг: Хэн гээч эд баялгийн бурхан нь ирээ вэ?

“Сү ах аа, та энд юу хийж байгаа юм бэ? Намайг ирж авах хэрэггүй гээд байхад даа!” хэмээн Нин Шүэлүо эрийн зүг баярлан гүйж очив.

“Гадаа бороо ороод эхлэхээр нь чамд санаа зовоод болсонгүй ээ” гээд Сү Ян хүрмээ тайлан хүүхэнд нөмөргөв. Тэрээр Нин Шүэлүоруу дурамжхан хараад “Чи яасан нимгэн хувцаслаа вэ?” гэв.

Нин Шүэлүо ялдамхан царайлж “Би чинь насанд хүрсэн эмэгтэй шүү дээ! Та яагаад намайг хүүхэд шиг үзээд байдаг юм бэ?” гэв.

Нин Ши гуйвж алхалсаар хүйтэн хана налан зогслоо. Бүсгүйн аз өнөөдөр үнэхээр харьсан мэт санагдах аж.

Тэрээр бүхэл үдшийн турш Нин Шүэлүог аавынхаа хайр энэрэлийг хүртэхийг хараад зогсохгүй одоо харин хосуудын нялуурхлыг харж зогслоо.

Нин Шүэлүо түүнээс булаан авсан бүхнээ гайхуулахыг ч ёстой үзүүлж өгч байлаа…

Бүсгүйд харуулаад өнгөрөх нь хангалтгүй санагдсан бололтой, Нин Шүэлүо Сү Яны гараас бариад, Нин Шигийн зүг зориуд алхан очиж, “Дүү минь*, чи нэлээд согтсон бололтой. Бидэнтэй хамт явах уу? Би найз залуугаараа чамайг гэрт чинь хүргүүлье!” хэмээв.

Нин Шүэлүо албаар “найз залуу” гэсэн үгийг тодотгож хэлэв.

Харин энэ мөчид Нин Шиг сая л хараад таньсан Сү Яны хүүхэн хараа бүсгүй дээр тогтов.

Нин Ши…

Тэр явдлаас хойш олон жил өнгөрчээ.

Бүсгүйг гадаадад байх хугацаанд эр түүнтэй нэг ч уулзаагүй билээ. Бүсгүйг эргэж ирсэний дараа ч гэсэн Сү Ян Нин Шүэлүог компаниас нь очиж авахдаа түүнийг холоос л хэдэн удаа хараад өнгөрчээ.

Харин энэ удаад тэрээр бүсгүйг ойроос хараад балмагджээ. Бүсгүй дэндүү өөрчлөгдсөн байсан учир эр түүнийг бараг таньсангүй.

Үсээ сүлжээд, цэцгэн хээтэй юбка өмсдөг байсан охин одоо ямар ч эрийн зүрх сэтгэлийг хөдөлгөхүйц бүсгүй болон дэлбээлснийг эр огт мэдээгүй явжээ…

Сү Яныг Нин Ширүү алмайран ширтэхийг анзаарсан Нин Шүэлүогийн нүднээс бусармаг муухай сэтгэл хөдлөл үзэгдэн өнгөрөв. Хүүхэн эрийн гараас барин, сэгсэрч, “Сү ах аа, та юу гэж бодож байна?” хэмээн асуулаа.

Сү Ян сая нэг ухаан орж, яаравчлан толгой дохиод “Тэгье, хамт явцгаая” гэв.

“Нин дүү… Нин дүү? Бие чинь зүгээр үү?” хэмээн Нин Шүэлүо санаа зовсон дүр эсгэн асуулаа.

Нин Ши духандаа гарынхаа ар талаар хүрэв. Түүний бодол санаа архинаас болж манан татуулсан мэт бүрсхийж, зүрх нь хурдтай цохилж, цус нь бараг л ухарч гүйж байх шиг санагдлаа. Бүсгүйн дотор яг л өмнөө байгаа хиймэл баг зүүсэн хоёрыг тасчин хаяхыг хүсэж буй нэгэн арааатан сул чөлөөтэй болох гэж архирч байгаа гэлтэй байлаа…

“Хэрэггүй…” гээд Нин Ши хяналтаа алдахаасаа өмнө эргэн харж, бүдчин явсаар ариун цэврийн өрөө орлоо.

Нин Шиг хөөрхийлөлтэй царай гарган зугтахыг харсан Нин Шүэлүо сая нэг сэтгэл ханан инээмсэглэв. Гэвч тэрхүү инээмсэглэл нь Сү Яны зүг хармагцаа гуниг гутралаар солигдон хэлэв, “Сү ах аа, Шяо* Ши намайг уучлахыг хүсэхгүй байгаа бололтой… Би уг нь түүний сэтгэлийг засахаар хамаг чадлаараа л хичээж байгаа юм сан… Би компани дээр түүнд туслахаар чадах бүхнээ хийгээд байхад л эгч ийм  зан гаргасан хэвээрээ л байх юм. Би бүүр яах учраа олохгүй нь ээ…”

“Битгий тоо! Шяо Ши угийн л ийм зантай хойно, тэр, цаг хугацаа өнгөрөхөөр чамайг уучилна аа!” хэмээн Сү Ян хүүхнийг эелдгээр тайтгаруулав.

Зочид буудлын доод давхарт зураг авалтын багийн хэдэн эмэгтэйчүүд Сү Яны унасан спорт машины тухай ярилцаж зогслоо.

“Би сая онлайнаар хайж үзсэн чинь энэ Масерати хамгийн багадаа л гэхэд 100 сая юаны үнэтэй байдаг гэнэ ээ! Тэр дэндүү баян юм аа!”

“Би ч гэсэн ийм баян найз залуутай болмоор л байна шүү дээ. Ийм найз залуутай болтол би хэдэн жил зарцуулах бол?”

“Энэ яах вэ, тэр үнэхээр царайлаг юм аа! Баян эрчүүдтэй гэрлэсэн одод олон байдаг ч гэлээ бүгдээрээ л дунд эргэм насны гүзээ суусан эрчүүд байдаг шүү дээ… Гүзээг нь харахаар л ходоод өвдмөөр болдог гээч…”

……

Тэд хов жив базаж байгаад Сү Ян Нин Шүэлүо хоёрыг зочид буудлаас гараад тэдний зүг алхахыг олж харав.

Царайлаг эр, үзэсгэлэнт бүсгүйн хамт зогсох дү зургийг үнэхээр хараад ханашгүй байлаа.

Тэнд байсан хүн бүр Сү Яны хүрмийг өмссөн чигээрээ спорт машинд суух Нин Шүэлүоруу атаархлын харцаар харж зогслоо. Тэд машины бараа харагдахгүй болтол удаан харж зогссон гээч…

Машиныг явмагц тэдний зүг ахин нэг машины хөдөлгүүрийн чимээ ойртох нь сонстов. Төд удалгүй нэгэн мөнгөлөг цагаан спорт загварын машин тэднийг өнгөрч, зочид буудлын урд зогслоо.

Гэхдээ гол нь энэ машин…

Энэ машин дэндүү өвөрмөц байлаа!

Тэрхүү машины цэвэрхэн, үзэмжтэй шасси нь, гөлгөр их бие нь, хайч хэлбэрийн хаалга нь үнэхээр хосгүй бүтээл ажээ…

Гэхдээ гол нь энэ машины үнэ…

“Энэ чинь хорвоогийн хамгийн үнэтэй машин, Бугатти Вэйрон Супер Спорт байна шүү дээ… Энэ чинь хамгийн багадаа л гэхэд тэрбум юанаас илүү гардаг шүү дээ… бурхан минь… ямар гээч эд баялгийн бурхан нь энд ирээ вэ…”


*Шяо – Дотно хүнээ дуудахад нэрийнх нь өмнө залгаж ашиглана. Өөрөөсөө дүү хүнд “шяо”, ахмад хүнд “лао” залгана.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s