Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 35

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                 Дараагийн бүлэг


35-р бүлэг: Замхран одсон залуу хүү

Нин Яохуагийн төрсөн охин гар угаах зориулалттай лемонтой ус ууж, хүндэтгэлийн зоогны үеэр зочдыг доромжлох мэт хулхи даашинз өмсөж байсан явдлыг мэр сэр хүмүүс эл өдрийг хүртэл сөхөж ярьдаг юм санж. Хэрэв хүмүүс тухайн жил охинд юу тохиолдсон тухай бузар үнэнийг олоод мэдчихвэл Нин Яохуа өөрийн хүрээллийнхээ хүмүүсийн нүүрийг хэрхэн үзэх билээ?

Нин Яохуагийн үгийг сонсоод Нин Шигийн царай хувхай цайв.

Тэр шөнө, танихгүй эр, амьгүй төрсөн нярай…

Энэ бол бүсгүйн хамгийн том сул тал байлаа.

Нин овогтны гэр бүл нэр нүүрээ бодсондоо тэрхүү хэргийг хав дарсан бөгөөд Нин Шүэлүо баригдах вий гэсэндээ ам нээгээгүй билээ. Гэлээ ч энэ бол бүсгүйн хамгийн том хар дарсан зүүд юм.

“Би чамд тайзыг нэр төртэйгөөр орхих боломж олгоё. Хэрэв үгүй гэвэл намайг эцэг үрийн харилцаагаа бодож үзсэнгүй гэж буруутгах хэрэггүй шүү.”

“Хөөх бидэнд эцэг үрийн харилцаа үлдсэн гэж мэдсэнгүй…”

“Аав, Ши эгч ээ… юу болсон бэ?” хэмээх Нин Шүэлүогийн гайхширсан дуу араас дуулдав.

Нин Шүэлүог хараад Нин Яохуагийн царай хайр энхрийллээр солигдож, “Юу ч биш ээ, битгий санаа зов. Чи буцаж очоод эмэгтэй туслах дүрд илүү тохиромжтой хүнийг хайж бай” хэмээв.

Түүний үгийн цаад утга нь Нин Шиг оруулна гэсэн үг байв.

Нин Шүэлүо дотроо хагартлаа баярласан боловч гаднаа санаа зовсон аятай “Яагаад вэ, аав аа? Эмэгтэй туслах дүрд Ши эгч сонгогдсон шүү дээ!” гэв.

“Энэ нэг юм жижиг дүрүүдэд тоглож байгаа нь их юм. Энэ яаж ийм чухал дүрд тоглох чадвартай байх вэ дээ? Би энэ кинонд 30 сая юаны хөрөнгө оруулалт хийсэн. Тийм болохоор тэр энд дураараа зугаацаж болохгүй!”

“Гэхдээ аав, Ши эгч энэ дүрийг авах гэж үнэхээр их хөдөлмөрлөсөн шүү дээ…”

“Шүэлүо, чи битгий наадахаа өмөөрөөд бай. Би чамд юу гэж хэллээ дээ? Би чамайг түүнд битгий тусал гээд байхад л чи ерөөсөө үгэнд орохгүй юм аа! Чи сэтгүүлчдийн өмнө хүртэл түүнийг магтсан байна билээ! Энэ чиний тусыг хүртэх эрхтэй юү?”

“Гэхдээ аав аа, Ши эгч таны…”

“Дуугаа хураа, чи дахиад наадахаа хэлээд үзээрэй! Би чамд хэлсэн шүү, чи бол миний цор ганц охин!”

“Аав аа, та битгий уурла л даа. Би дахиад тэгэхгүй ээ.”

“Би үүний дараа ажилтай, ингээд явлаа. Чамд зав байвал надад туслаад, түүнийг зөрүүдлэхээ боль гээд ятгаад өгөөч!” гэж хэлчхээд Нин Яохуа Нин Ширүү заналхийлсэн харцаар хараад, урвагар царайлан явж одов.

Нин Яохуаг явмагц Нин Шүэлүогийн дуулгавартай хөөрхөн царай аажмаар замхран алга болж, гэмгүй царайлан “Нин Ши, энэ удаад би чамд гай болоогүй шүү. Би уг нь чамд боломж олгох л гэсэн юм…” гэв.

“Ха…” Нин Ши инээдээ барьж дийлсэнгүй. Түүний гаргасан энэхүү ганц авианаас хэмжээлшгүй их цөхрөл мэдрэгдэж байв. Түүний нөр их хөдөлмөрийг үгүйсгэж, эргээд бусдад танигдахгүй болгох гэсэн хүн нь бүсгүйн төрсөн эцэг байх юм гэж хэн санах билээ?

Бүсгүй энэ дүрийг бүтээх гэж асар их хүч хөдөлмөр гаргаж, энэ дүрийг авах гэж хамаг чадлаараа тэмцсэн байтал… бүх хүч хөдөлмөр нь оргүй хоосон байжээ.

Хүндэтгэлийн зоог шөнийн 23 цаг өнгөрөөж өндөрлөв.

Хүн сэтгэл санаа нь тавгүй байхдаа илүү хялбар согтдог гэсэн үнэн бололтой.

Бүсгүйд өнөөдөр нэг их уугаагүй мэт санагдсан боловч босмогцоо л алхаа гишгээ нь гуйвж, чамархайгаар нь хатгаж өвдөв.

Энэ мөчид бүсгүй сэтгэл санааг нь улам дордуулах нэгэн хүнтэй тааралдав…

Сү Ян…

Зарим жүжигчид, тэр тусмаа эмэгтэйчүүд, шинээр ирсэн зочныг хараад уулга аалдан гайхцгаав.

“Аа! Залуу эзэн Сү байна! Ямар царайлаг юм бэ! Хүмүүсийн ярьдгаас зуу дахин царайлаг юм гээч!”

“Тэр Нин Шүэлүог тосож авахаар ирсэн байх аа! Би ёстой атаархаж үхэх нь ээ. Нин Шүэлүогийн карьер нь амжилттай, гэр бүл нь баян, найз залуу нь хүртэл царайлаг юм аа! Тэр ч үнэхээр амьдралын хамаг сайхан бал бурмыг хүртжээ!”

“Тэр чинь анхнаасаа л амьдралд ялагч байсан учраас бидэнд атаархах эрх байхгүй ээ!”

……

Нин Ши хана түшиж, Нин Шүэлүод алхам алхмаар дөхөж очих эрийг ухаангүй мэт харж зогслоо.

Сү овогтны гэр бүл энэ хэдэн жил үнэхээр хөгжин цэцэглэж байлаа. Үүнийгээ дагаад Сү Яны нийгэмд эзлэх байр суурь ч мөн өсчээ. Нин Ши түүний залуу насны төрхийг түүнээс хайгаад олсонгүй.

Уушгины өвчнөөс эдгэрэхийн тулд хөдөө амьдардаг байсан сулбагар залуу хүү, Сү ах, түүнд эелдгээр түүх ярьж өгдөг байсан нь өнгөрсөнд замхран алга болжээ…

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.