Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 34

2 comments

Өмнөх бүлэг                                                                                                                                               Дараагийн бүлэг


34-р бүлэг: Аав охин хоёрын хайр

“Бид Нин захирал таныг цаг заваа гарган ирэх юм гэж санасангүй. Үнэхээр нэр төрийн хэрэг байна!” хэмээн Гуо найруулагч түүнтэй найрсгаар мэндлэв.

“Алив та ийшэ суугаач!” гээд Ван продюсер өөрийн суудлаа Нин захиралд өгч Нин Шүэлүогийн хажууд суулгав.

Нин Яохуа Нин Шүэлүоруу хайрлангуй харцаар харж, “Гуо найруулагч та надад дэндүү нөхөрсөг хандах юм аа. Би охиноо танд даатгалаа шүү” гэв.

“Алим унасан модноосоо холддоггүй гэдэг. Нин захирал аа, таны охин дэндүү авъяастай учир миний хэрэг ч алга!”

“Миний энэ охин үргэлж л завгүй байх юм! Эцэг нь болсон би хүртэл биеэрээ л залрахгүй бол охинтойгоо уулзаж чадахгүй нь ээ!” хэмээн Нин Яохуа уурсан хэлэхдээ нүднээс нь уур бус хайр цацарч байв.

“Ха ха ха, Шүэлүо хичээнгүйлэн ажиллаж байгаад та өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Гэхдээ Шүэлүод ч бас буруу бий шүү. Чи хэчнээн завгүй байлаа ч гэсэн үргэлж гэртээ харьж байх ёстой шүү дээ!” хэмээн Гуо найруулагч зэмлэнгүй хэлэв.

“Мэдэж байна аа, найруулагч аа. Би ингэх ёсгүй байсан юм! Аав, та битгий уурла л даа. Би өнөө оройн хоолон дээр гэртээ очно доо!” гээд Нин Шүэлүо Нин Яохуагийн гараас зууран эрхлэх нь яг л эцэг эхийнхээ үгэнд ордог сайн охины дүрийг бүтээж байв.

“Энийг хараач гэм, би охиноо оройн хоолонд ирүүлэхийн тулд найруулагчаар нь хэлүүлэх шаардлага гарах нь ээ!”

“Аав аа, энд өчнөөн хүмүүс байхад та миний нэр нүүрийг битгий бар л даа!”

“За за за, чи одоо том од болсон болохоор би хүртэл чамайг загнаж болохгүй болжээ!”

……

Нин Ши өөрийн сэтгэлийг төмөр мэт хатууруулсан хэмээн бодож явсан юм. Тэрээр өнөөдөр аавын охиноо гэх хайр, охины аваа гэх үнэнч занг өөдөөс нь харж суух юм гэж санаагүй явжээ. Түүний дотор давчдаж, амьсгал нь боогдох мэт санагдаж хаалгаар давхиад гарчихмаар санагдав.

Бүсгүй дотоод сэтгэлээ хянаж чадахгүй байсан ч гэлээ гаднаа юу ч болоогүй мэт жүжиглэн нуув. Тэрээр нүднийх нь өмнө болж буй үйл явдлыг анзаараагүй мэт кино зохиолчтой зохиолын тухай тайван гэгч нь ярилцаж суув.

Бүсгүй энэ явдлыг үл тоож чадах авч хүн бүр түүн шиг байж чадахгүй ажээ. Нин Яохуагийн харц бүсгүйн биеийг тасчин хаях хутга лугаа адил ярайх аж. Нин Шиг олон нийтийн арга хэмжээнд харах нь ичгүүртэй, жигшүүртэй хэрэг гэлтэй.

Нин Ши эцэст нь угаалгын өрөө ороод ирье гэсэн шалтгаар танхимыг орхиж, коридорын хажуугийн онгорхой цонхоор цэвэр агаар амьсгалахаар гарав.

Бүсгүй цүнхэнээсээ хайрцаг тамхи, асаагуур гаргаж ирэв. Тэрээр нарийхан иштэй тамхиа хэсэг барьж зогсоод эргүүлэн хураалаа.

Тамхинаас гарах гэж хичээж буй нь энэ ажээ.

Гэвч өнөөдөр бүсгүй анх удаагаа тамхи татахгүй байж тэссэнгүй.

Шөнийн сэвшээ салхи бүсгүйн нүүррүү хүчтэй үлээсэнд түүний сэтгэл санаа дээрдэв.

Энэ мөчид түүний араас хөлийн чимээ сонстлоо.

Нин Ши биеэ барьж, эргэн харахдаа ямар ч сэтгэлийн хөдлөлгүй, нүүрэндээ баг зүүсэн мэт харагдав.

“Та намайг хайгаа юу, Нин захирал аа?”

Нин Яохуа бүсгүйг ширтэн, анхаарал татсан даашинзыг нь дурамжхан харж зогсов.

Нин Ши харцаа бууруулан, хөнгөхөн инээмсэглээд, “Нин захирал аа, та танхимд байхдаа надруу бас ширтээд байсан даа. Хүмүүс та бид хоёрыг буруугаар ойлгоно гэхээс айхгүй байна уу?”

Бусдын нүдэнд Нин Яохуа бол ивээн тэтгэгч, Нин Ши бол үзэсгэлэнтэй эмэгтэй од байлаа. Ийм харилцаагаар цуу яриа дэгдээх амархан.

“Муу зулбасга, чи юу яриад байгаа юм?” хэмээн Нин Яохуа тэр даруй уурсав.

Нин Ши хөмсгөө өргөн, “Мэдээж би хүний хэлээр л ярьж байна шүү дээ, эсвэл та хүн биш юм уу?”

“Чи…” гээд Нин Яохуа гараа өргөн Нин Шиг алгадах гэв.

Нин Ши түүнийг цохихын алдад туяхан гараараа зогсоов.

Бүсгүй дахиад Нин Яохуад алгадуулах юм гэнэ ээ?

Энэ эрэгтэйд тэгэх эрх байхгүй.

Нин Яохуа уурандаа дүрэлзэж байв. Тэрээр гараа угзран татаж аваад, “Чи энэ дүрээс яг одоо түдгэлз. Намайг битгий олны элэг доог болгоод бай!” гэв.

Нин Ши хүйтэн хөндий харцаар “Би энэ дүрийг шударгаар олж авсан, тийм байхад таныг чухам яаж элэг доог болгох билээ?” хэмээв.

“Чи ердөө л Шүэлүогийн хүссэн зүйлийг хүсэж байна. Өөрийгөө хараач, чи Шүэлүогийн хаана ч хүрэхгүй. Тэгсэн байж энтертэйнментийн ертөнцөд хөл тавих гэж улайрч байдаг. Хэн нэгэн нь чиний бузар түүхийг олж мэдээд нийтэд дэлгэж, Нин овогтны нэр төрийг шившигт унагахыг чи ер нь хүлээгээд байгаа юм биш үү?” хэмээн Нин Яохуа хэлэхдээ туйлаас жигшиж зэвүүцсэн харцаар харав.

Сурталчилгаа

2 comments on “Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 34”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s