Нууц гэрлэлт: Хүү олжаваад, үнэгүй нөхөртэй бол – 26

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                          Дараагийн бүлэг


26-р бүлэг: Нин Ши, биднийг урт зам хүлээж байна

Нин Ши хэсэг зуур ханиалгав. Бүсгүй Лү Тиншяод яриангүй ялагджээ. Тэрээр бушуухан тайлбарлан хэлэв: “Би тоглосон юм аа… наргиа байсан юм…”

Лү Тиншяо түлхүүр өгөх донтой бололтой. Эр түүнд дахиад нэг түлхүүр өгөөд, “Эндээс такси дуудахад хэцүү болохоор ажилдаа явахад чинь төвөгтэй байх байх. Энэ машиныг ашигла” гэв.

Нин Ши: “…”

Яагаад…

Нин Шид яагаад энэ эрээр тэжээлгэж буй мэт санагдаад байна аа, уг нь түр зуур л энд амьдарна биз дээ?

Үгүй ээ, тэжээлгэж байсан бол мэдээж олны нүднээс нууна л даа. Ямар гээчийн баян эр гэхээрээ гол харшынхаа бүх түлхүүр, өөрийн хүүг хүртэл түүнд даатгадаг байна аа…

Тэд харваас шинэхэн хосууд шиг байгаа нь илт байв…

Лү Тиншяо түүнтэй уулзсан анхны өдрөө гэнэт гэрлэх санал тавьсан явдал бүсгүйн толгойд орж ирэв…

Уг нь Нин Ши эрчүүдийг маш сайн ойлгодог гэдэгтээ итгэлтэй байсан боловч өмнө нь зогсож буй энэ эр яг л өндөр хамгаалалттай компьютерийн систем шиг байлаа. Бүсгүй түүний юу бодож буйг тааварлахын аргагүй байлаа.

Тэрээр уяхан сэтгэлээр хандаж, энд амьдрахаар шийдсэн нь сайн зүйлд хүргэх үү, муу зүйлд хүргэх үү гэдгийг хэлж мэдэхгүй байв…

Өнөө шөнө Бяцхан-Эрдэнийн байдал тавгүй байсанд Нин Ши түүнтэй хамт жижиг орон дээр нь унтав.

Дүн шөнөөр.

Өрөөний хаалга сэмхэн онгойв.

Эр хөнгөхөн алхаж, орны доод талд суув.

Орны хажуугаас тусах дулаахан гэрэлд бүсгүйн унтаж буй төрх үзэгдэв. Бүсгүй Бяцхан-Эрдэнийг илж байгаад унтаад өгсөн байлаа. Түүний амьсгал гүехэн, төрх эелдэг байв. Бүсгүйн булбарай уруул зун цэцэглэсэн сакура цэцэг лугаа харагдах бөгөөд бага зэрэг онгойсон нь яг л чимээгүйхэн урилга мэт санагдав…

Хормын дараа дулаан гэрэл эрийн сүүдэрт халхлагдаж, тэрээр бүсгүйн ягаахан уруулруу улам бүр ойртов…

Эр ойртсоор бүсгүйн амьсгалах нь мэдрэгдэв. Тэрээр ганц ухасхийгээд л шагналаа амсахын даваан дээр гэнэт өөрийгөө хүчлэн зогсоов. Бүсгүйн духан дээр зөөлөн үнсэлт буув.

Нин Ши, биднийг урт зам хүлээж байгаа шүү.

……

Дараа өглөө нь.

Нин Ши өөр орон дээр тухтай унтаж чадахгүй байх гэж бодтол харин ч бөх гэгч нь унтжээ. Бүсгүй аяндаа сэрсэн бөгөөд унтахдаа амар тайванг нь алдагдуулах зүүд хүртэл зүүдэлсэнгүй.

Түүнийг сэрэхэд Бяцхан-Эрдэнэ аль хэдийнэ сэрсэн байв.

Хүү түүний хажууд суун, чимээ гаргалгүй хичээнгүйлэн номоо уншиж суулаа.

Хүү ийм томоотой байхад түүний өчигдөр уурласандаа ямар болсныг төсөөлөхийн аргагүй байлаа…

“Өглөөний мэнд, хонгор минь~” Нин Ши хөнжлөө нөмөрсөн чигээрээ босож суугаад, түүнтэй халуун дулаанаар мэндлэв.

Бяцхан-Эрдэнэ гайхан толгойгоо өндийлгөн харав. Хүү юу ч дуугараагүй бөгөөд царайны хувирал нь ч өөрчлөгдөөгүй хэдий ч Нин Ши түүнийг баяртай байгааг нүднээс нь харж байлаа.

Түүний энэ байдлыг инээдтэй юм гэж бодсон Нин Ши бяцхан бүжингийн духнаас үсийг нь холдуулаад, “Эгч нь өнөөдөр ажилгүй болохоор чамтай бүхэл өдөржингөө хамт байна аа!” гэв.

Үүнийг сонсоод хүү улам баярлаж байгаа нь илт  харагдав. Хүү амныхаа үзүүрийг хүртэл жаахан дээш өргөсөн байлаа.

Нин Ши хүүгийн өхөөрдөм төрхийг хараад золтой л уначихсангүй. Бүсгүй тэсэлгүй хүүгийн хацрыг барьж аваад илэн, “Хонгор минь, зөндөө инээмсэглэж байгаарай. Чи инээмсэглэхээрээ үнэхээр хөөрхөн юм аа!” гэв.

Тэд нүүр гараа угаачхаад доош буувал өглөөний цай бэлэн болсон байлаа.

Лү Тиншяо харагдсангүй. Даамал болон үйлчлэгч нар тэдэнд Лү Тиншяог бууж ирэхээр хамт өглөөний цайгаа уу хэмээн анхааруулаагүй тул Нин Ши түүнийг түрүүлээд ажилдаа явжээ хэмээн дүгнэв.

Өглөөний цайгаа ууж дуусаад, Нин Ши хүүхэд хэрхэн асрахаа мэдэхгүй, бага зэрэг санаа зовниж суулаа. Бүсгүй хүүгсайн харж чадахгүй бол яана аа…

Гэтэл санаа зовох шаардлага гарсангүй.

Бүсгүй өглөөгүүр буйдан дээр шигдчихээд зохиолоо уншиж суув. Харин Бяцхан-Эрдэнэ хажуугийн ширээн дээр хэвтээд зураг зурж эсвэл ном уншив. Тэд хоёул бие биедээ саад бололгүй эвтэй найртайгаар зохицов.

Үйлчлэгч нар хүүгийн тав тухыг алдагдуулахаас эмээн маш хөнгөн шингэн алхаагаар зөвхөн зууш, жимс л авчрах гэж ирэв.

Бяцхан-Эрдэнэ угтаа бол чимээ аниргүй байхад дуртай бололтой.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.