Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 20

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                     Дараагийн бүлэг


20-р бүлэг: Түүний экс хаа сайгүй байна

Оройн зоог өндөрлөж тэдний эцэг эх явсан хойно Лү Жинли сүүлээ годгонуулан шагнал эрсэн янзтай ахаасаа асуув. “Ах аа, би сая сайн байсан биз дээ? Тийм ээ?!”

Тэрээр хэсэгхэн зуур л долигносон бөгөөд ах нь түүнд нэгэн жижиг зүйл шидэж өгөв.

Лү Жинли гараа өргөн тосож аваад, “Энэ юу юм?” хэмээн лавлав.

Сайтар ажиглаж хараад түүний нүд бүлтрэх шахав.

Түлхүүр.

Түүний удаан хугацааны туршид шунаж байсан Бугаттигийн 100 жилийн ойд зориулсан тусгай спорт машины түлхүүр! Дэлхийд цор ганц үйлдвэрлэгдсэн шүү дээ!

“ӨӨ! Хайрт хонгор минь!” хэмээн Лү Жинли машины түлхүүрийг галзуурсан мэт тэвэрч, үнсэж гарав. “Ах аа, хайртай шүү!”

Өмнө нь түүнээс хэчнээн их гуйсан ч ах нь ер зөвшөөрөөгүй билээ. Гэтэл эцэг эхийнх нь өмнө хэдхэн үг хэлсний төлөө түүнд ингээд л өгчих юм гэж хэн санах вэ?

Тэр Нин Ши гэж бүсгүй ахынх нь сэтгэлд түүний төсөөлснөөс илүү өндөр байр суурь эзэлжээ!

Гэвч Лү Жинлигийн сэтгэл энэ тухай бодох тусам зовниж байлаа, “Ах аа, та үнэхээр Нин Шиг сонгохдоо итгэлтэй байна уу? Та түүнтэй сээтгэнэж наадахгүйгээр үнэхээр гэрлэх гээд байгаа юм уу?”

“Гэрлэнэ.” Энэ үгийг хэлсэн Лү Тиншяогийн хоолойны өнгө түүнд буруугаар ойлгох ямар ч боломж олгосонгүй.

Үүнийг сонсоод Лү Жинли гүн амьсгаа авч, олон хүнтэй үерхэж үзсэн хүний үүднээс чухал дуугаар нухацтай хэлэв: Тэгвэл би танд бэлтгэлтэй байгаарай гэж зөвлөе. Эмэгтэй хүний араас гүйнэ гэдэг тоглоом тоглохтой адилхан. Тоглоомд хялбар, энгийн, хэцүү болон тамын гэсэн үеүд байдаг юм. Харин Нин Ши бол яалт ч үгүй тамын үед харьяалагдана!

“Ямар ч эмэгтэй хүнд сул тал байдаг хэдий ч та Нин Шиг мөнгөөр татаж чадах уу? Нин Ши тийм хөөрхөн хэрнээ энтертэйнментийн ертөнцөд амжилтгүй яваагаас нь үзвэл тэр лав санхүүгийн тусламж авах эсвэл арын хаалгаар наймаа хийх хүн огтоосоо биш.”

“Сэтгэл гаргавал яах вэ? Түүнийг гадаадад ямар их найз залуутай байсныг хар л даа! Түүний эксүүд энтертэйнментийн ертөнцөд хаа сайгүй байна. Бүгдийнх нь угсаа гарвал онцгой. Би бүүр үерхсэн залуусынх нь жагсаалтыг хараад биширсэндээ өвдөг сөгдөх шахсан. Би өмнө нь хэзээ ч энэ тал дээрээ бусдад бууж өгнө гэж бодоогүй ээ!”

“Хүүхэд ашиглавал яах вэ? Хүүхэд ашиглан түүнтэй гэрлэнэ гэж санасны ч хэрэггүй. Тэр зөвхөн карьертаа л анхаарал хандуулдаг учир хүүхэдтэй болох бодол огт байхгүй. Над шиг мэргэжлийн хүн хүртэл түүний араас биечлэн гүйлээ ч 80%-ийн ЯЛАГДАХ магадлалтай байх байсан. Тийм учраас тань шиг 0 EQ-тэй*, үерхлийн ямар ч туршлагагүй хүн бол түүний хувьд EXP** болж хувирахаас цаашгүй!”

Лү Тиншяо түүнрүү хүйтнээр харан хэлэв, “100%.”

Лү Жинли уруулынхаа үзүүрийг татвалзуулав, “За за за, би 100%-ийн ЯЛАГДАХ магадлалтай. Жижиг сажиг зүйлийг битгий тоо л доо. Юутай ч би дүгнэлтээ хэлье. Нин Ши яг надтай адилхан, гэрлэж, хүүхэд гаргахгүй гэж шийдсэн хүн байх аа. Иймэрхүү хүмүүс үерхэл, зүрх сэтгэл мэтийг тохуурхангуй хүлээж авдаг юм. Тэдний эрх чөлөө бол тэдний амьдралаас өөрцгүй! Та түүнтэй зугаацмаар байвал амархан л даа. Гэхдээ гэрлэмээр байвал тамын хэцүү шүү!”

“Чи өөрийн хүслээр гэрлэж, хүүхэдтэй болмоор санагдуулах хүнтэй учирч үзээгүй болохоор тэр” хэмээн хэлэхдээ Лү Тиншяогийн хүйтэн царай цонхны цаанаас тусах сарны гэрэлд үл ялиг зөөлөн харагдав.

Лү  Жинли ахынхаа хэлсэн үгсийн тоог дотроо тоолон, амнаасаа ийм олон үг унагасанд нь огт итгэж өгсөнгүй, “Юу болох нь энэ вэ? Дурласан хүмүүс үнэхээр өөр юм аа, хайрын туршлагагүй хүн хүртэл надад хичээл заах гэж! Гэхдээ таны хэлсэн үнэний ортой л доо! Тэгээд та яах гэж байна? Хайрт дүүгээсээ туслалцаа авах уу?”

Лү Тиншяо түүнд ганц л үгээр хариулав, “Хэрэггүй.”

Лү Жинли түгшингүй хэлэв, “Яаж дээ! Эмэгтэй хүний араас гүйнэ гэдэг чинь бизнес хийхээс ялгаатай. Та сайн бодоод үз л дээ, танд сэргэлэн цовоо, ухаантай, царайлаг, эмэгтэй хүнийг эргүүлэхдээ мэргэжлийн дасгалжуулагч хэрэггүй гэдэгт итгэлтэй байна уу?”

Лү Жинли өөрийн үйлчилгээгээ сурталчлах гэж чадлаараа хичээж байлаа.

Энэ мөчид ажлын өрөөний хаалгыг хэн нэгэн нь онгойлгож, чахрах чимээ гарав.

Ах дүү хоёр хоёул нэгэн зэрэг харвал, Бяцхан-Эрдэнэ унтлагын хувцастайгаа хаалганы дэргэд зогсож байлаа.

Лү Тиншяогийн харцнаас үл ялиг гайхширсан төрх ажиглагдав.

“Бяцхан-Эрдэнэ ээ…” Лү Жинлигийн царай гайхшралд автав.

Бяцхан-Эрдэнэ шөнө болсон хойно унтлагын өрөөнөөсөө гарч ирлээ гэж үү дээ?

 


*EQ – Emotional Intelligence буюу өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч, захирч, илэрхийлж чадах төвшинг хэлнэ. IQ нь оюун ухааны чадамж бол, EQ нь сэтгэл хөдлөлийн чадамж.

**EXP – Experience буюу туршлага.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s