Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 17

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                                      Дараагийн бүлэг


17-р бүлэгТаарсан хоёр

Старлайт Энтертэйнментийн байранд.

Чан Ли офис дотроо бачуурч үхэх шахаж байлаа. “Нин Ши сонгон шалгаруулалтад оролцоод эмэгтэй туслах дүрийг авчихсан гэсэн!”

“Эмэгтэй туслах дүр ээ?” хэмээн Нин Шүэлүо хөмсөг зангидан хэлэв. “Тэр чинь нэг сураггүй киноны хэрэггүй дүрд тоглож байсан биш билүү? Яахаараа сонгон шалгаруулалтад оролцож амждаг билээ?!”

“Харин би ч гэсэн хэрэг явдал нэг л биш байгааг анзаарсан. Тэгээд асууж сурагласны эцэст өчигдрийн эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалтын талаар юм олж мэдсэн. Шүүгчид явахаар зэхэж байгаад Нин Шитэй санамсаргүй тааралдсан юм билээ. Тэгээд түүнийг эмэгтэй туслах дүрд яг тохирох юм байна гээд газар дээрээ шийдсэн гэсэн. Чи түүнээс сэрэмжлэх нь аргагүй юм байна билээ; тэр Нин Ши гэж хүүхэн үнэхээр зальтай юм аа. Сонгон шалгаруулалт дуусчхаад байхад шүүгчдийн бодлыг өөрчилж чадах гэж. Тэр, шүүгчдийн хэнийг нь уургалах санаатай байсныг хэн мэдлээ!”

Чан Ли үүнээс илүү дуугарч зүрхэлсэнгүй. Угаас Нин Шигийн гоо үзэсгэлэн үхэлд хүргэх аюултай зэвсэг байлаа. Шүүгчдийн нэг нь түүнийг таалсан бол гайхах зүйлгүй байв.

Чан Ли анх Нин Шиг алхам алхмаар алдрын оргилд хүргэхээр төлөвлөж байсан боловч Нин Шүэлүог хаанаас ч юм гараад ирэх юм гэж хэн санах вэ дээ.

Нэг нь ямар ч танил талгүй, шинэхэн жүжигчин. Нөгөөх нь нөлөөтэй гэр бүлээс гаралтай алдартай уран бүтээлч. Сонголт ойлгомжтой байлаа. Энтертэйнментийн ертөнцөд ганц царай чухал биш шүү дээ.

Нин Шүэлүо ярвайв, “Гол дүр биш ч гэсэн энэ кино чинь нэлээд том уран бүтээл шүү дээ!” Түүний хэлэхийг сонссон хэн ч гэсэн Нин Шүэлүо Нин Шид энэ дүрийг өгөхийг хүсэхгүй байгааг шууд ойлгох байжээ.

Чан Ли төвөгшөөнгүй хэлэв, “Гэхдээ энэ удаад асуудалтай л байх байх даа. Манай компани энэ кинонд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Захирал гол дүр болон туслах дүрд манай компанийн хоёр жүжигчин тоглох болсныг сонсоод лавтай баярлах байх. Нин Шиг орлох тохирсон жүжигчин байсан бол ч яах вэ, даанч эртээдийн сонгон шалгаруулалтад хэн ч тэнцээгүй. Тиймээс бид Нин Шиг шахан зайлуулах үндэслэлгүй……”

Нин Шүэлүо ямар нэг юм сэтгэсэн бололтой тайвшрав. Хүүхэн маникюр хийлгэсэн хумснуудаа илэн хэлэв, “За март даа. Тэр хүүхэн үнэгэн сүсний* дүрд тоглохыг тэгтлээ хүсээд байгаа юм бол тоглог л дээ. Улсаа мөхөлд хүргэсэн завхай эмийн дүр түүнд яг тохирно!”

……

Нин Шид Чан Лигаас дуудлага ирж, тэрээр “Тэнгэр доорх газар” киноны туслах эмэгтэй дүрд Нин Шиг шалгарсан тухай дуулгаж, бэлтгэлээ базаахыг сануулав.

Тус кинонд гол дүрийн эмэгтэй нь өөрийн бүхий л сайн зан чанараа харуулан, гол дүрийн эрэгтэйг хаан ширээнд суухад тусалж буйгаар гарах аж. Харин туслах эмэгтэй дүр нь бүхий л хорон явуулгаараа бүх ардын зүхлийг барж, буруушаагдах бөгөөд эцэст нь эмэгтэй гол дүрээс болж хаднаас үсэрснээр ард түмний сэтгэлд баяр баяслын оч гийж буйгаар дүрслэгдэх аж.

 

Нин Шүэлүо өгөөмөр загнаж, Нин Шид ийм дүрийг дуртайгаар өгөх нь аргагүй ч үгүй байлаа.

Нин Ши “Тэнгэр доорх газар” киноны эмэгтэй туслах дүрийг авсан ч гэлээ түүнд өөр дуусгах ажил байв. Тэрээр өөр нэгэн кинонд бусдын нөхрийг булаасан нууц амрагийн дүрд тоглох хэрэгтэй байлаа. Кинонд 5 минутын хэсэг л дутуу үлджээ. Бүсгүй таван минутын туршид цугларсан олонд хэрцгийгээр зодуулах хэсэгт тоглох байлаа.

Гэвч жинхэнэ амьдрал дээр тэрхүү таван минутын хэсгийг дуусгахад хоёр цаг хэртэй болжээ. Цугларсан олны дүрд тоглосон жүжигчид туршлагагүй агаад царайны хувирал нь тэдний үйл хөдлөлтэй таарахгүй байв. Бүсгүй ахин дахин зодуулах шаардлагатай байв.

Гэртээ харьсныхаа дараа Нин Ши ядарсныг хэлэх үү, буйдан дээрээ хайш яйш суун зурагтаа асаав.

Зурагтаар шууд мэдээ дамжуулж байсан бөгөөд дэлгэцээр танил бараа харагдав.

Үгээр илэрхийлшгүй царайлаг төрх, өргөн мөр, нарийн гуя, урт хөл, өндөр уул мэт зан араншин; бяцхан бүжингийн эцэг Лү Тиншяогаас өөр хэн байх вэ!

Лү Тиншяо гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцож, хэд хэдэн гадаад эрхмүүдтэй гар барьж буй харагдлаа.

Хөтлөгч Лү Корпорацийг Италийн DR брэндтэй хамтын ажиллагааны гэрээ амжилттай байгуулж, Европын зах зээлд нэвтрэн орж буй тухай сэтгэл хөтлөнгүй дуулгав. Лү Корпорацийн хувьцаа хоёр дахин өсөж магадгүй байлаа.

Нин Ши мэдээг үзэж байгаад бяцхан бүжинрүү залгахаа мартсанаа сая л саналаа.

……

Платинум Паласт.

Лү ах дүүсийн эцэг эх гадаадаас ирцгээж, тэд гэр бүлээрээ эргэн нэгдсэнээ тэмдэглэн оройн зоог барьж байлаа.

Лү Корпораци гурван жилийн туршид хэлэлцсэн чухал гэрээний асуудлаа эцэслэжээ. Энэ явдалд Лү ноён туйлын баяртай байсан бөгөөд Лү Тиншяог өндрөөр үнэлэн сайшааж, Лү Жинлиг хүртэл магтаж байв.

Гэсэн хэдий ч тэрээр гол санаагаа сүүлд нь илэрхийлэв.

Тэр санаагаа хэдэн үгээр оновчтой илэрхийлэв: Ажил чухал ч гэлээ түүний хайртай ач хүү илүү чухал байв!

Лү ноён: “Тиншяо, ажил чухал ч гэлээ чи Бяцхан-Эрдэнийг хайхрахгүй байж болохгүй шүү. Чиний ажлын ачаалал хөнгөрсөн юмч инь одоо Бяцхан-Эрдэнэтэй цагийг жаахан өнгөрөө!”

Лү хатагтай: “Чиний цаг зав таарахгүй байгаа юм бол Бяцхан-Эрдэнийг харж хандахад нэмэр нөөлөгтэй хүн олж аваач! Бяцхан-Эрдэнэ өдий том болчхоод байхад чи хувийн амьдралаа одоо бодооч!”

Лү ноён: “Ээжийн чинь хэлдэг үнэний ортой шүү!”

Лү Жинли ахруугаа ялимгүй харц шидлэн дотроо бодов. Ээж аав хоёр өнөө жүжгээ дахиад л тавиад уналаа.

Лү Тиншяо идэхдээ анхаарал хандуулан, үг эс дуугарав.

Харин Бяцхан-Эрдэнэ гартаа утас барьсан чигээр хөдөлгөөнгүй суув.


*Үнэгэн сүнс нь Хятадын үлгэр домогт үзэсгэлэнт эмэгтэйн дүрд хувилан эрчүүдийг урхидаж, тэдний сүнсийг авах эс бөгөөс хорлодгоор дүрслэгджээ.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s