Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 14

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                        Дараагийн бүлэг


14-р бүлэг: Хяналтаа алдах амархан

Бүсгүй бяцхан бүжинг сэрээхгүй гэсэндээ орноос сэмээрхэн босож юу болсныг үзэхээр очив.

Өрөөний хаалгаа нээн харвал Лү Тиншяо өөртөө аяга ус хийн, нэг гараараа гэдсээ барин, цонхигор царайлсан байлаа.

Нин Ши түргэлэн очиж, “Лү эрхэм ээ, та зүгээр үү?” хэмээн асуувал,

“Сүдтэй юм биш.”

“Хмм, таны гэдэс өвдсөн юм уу?”

Лү Тиншяо хариу хэлсэнгүй.

Нин Ши зөв таасан нь лавтай.

Лү Тиншяо халуун ногоотой хоол идэж чадахгүй юм бол яагаад идэх гэж хүчилсэн юм бол оо?

“Түр хүлээгээрэй, би гэдэсний эм аваад ирье.”

Ямар азаар бүсгүйн гэрт ердийн эмнүүд байж таарав аа.

Нин Ши бушуухан гэдэсний эм авчирч өгөөд, “Хоёуланг нь уугаарай” гэв.

“Баярлалаа.” Лү Тиншяо түүний гараас эмнүүдийг авав. Эрийн хүйтэн хурууны үзүүрүүд бүсгүйн гарын алгыг шүргэх нь яг л зүрхийг нь хөндөх мэт санагдав. Нин Шигийн биеийн хамаг хүч сулрах шиг болов.

Шуургатай шөнөөр аниргүй ноёлоход Нин Ши шиг үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг харсан ямар ч эр хяналтаа алдахад амархан байлаа!

Нин Ши зүрхээ аргадан тайвшруулах гэж аман дотроо Пи тоог уншив.

Ингээд яваад өгөх нь бүдүүлэг учир Нин Ши Лү Тиншяог эмээ ууж дууссаных нь дараа түр хамт байв.

“Одоо дээрдэж байна уу? Эмнэлэг явах уу? Намайг уучлаарай, би таныг халуун ногоотой хоол идэж чадахгүй гэдгийг мэдсэнгүй……”

Уг нь анхандаа бяцхан бүжинд л санаа зовж байсан юм сан. Гэтэл эцэст нь, бяцхан бүжин яагаа ч үгүй, харин Лү Тиншяод ямар нэг юм болчих гэж! Энийг юу гэмээр ч юм бэ дээ……

“Чиний буруу биш. Хууч өвчин.”

Тэд хоёул хэсэг чимээгүй байсны эцэст Лү Тиншяо ийн ам нээв: “Өнөөдөр чам дээр ирсэн учир нь Бяцхан-Эрдэнэ чамтай уулзахыг хүссэн болохоор юм.”

Нин Ши эрийг андуурч хэлээгүй байгаа гэж эргэлзэв, “Бяцхан-Эрдэнэ надтай уулзахыг хүссэн гэж үү?”

“Бяцхан-Эрдэнэ өмнө нь зооринд байхдаа сэтгэл санааны маш хүнд цочролд орж байсан юм. Харин чи түүнийг сая аварсан болохоор чамд их итгэж байгаа” хэмээн Лү Тиншяо тайлбарлав.

Бяцхан-Эрдэнийг ойр хавьд байхад эсвэл хэн хүн түүний талаар асуухад Лү Тиншяогийн хүйтэн уур амьсгал ихэд зөөлөрдөг байсныг бүсгүй анзаараад амжжээ. Эр өдрийн цагийг бодвол тийм ч аймаар биш байлаа.

“Тийм учиртай юм уу……” гээд Нин Ши толгойгоо дохив.

Шөнийн энэ цагаар хүмүүс анхаарал болгоомжоо сулруулж, илүү сул чөлөөтэй болдог байлаа. Нин Ши нэлээд удаан асуух гээд чадаагүй асуултаа асуув, “Зоргоороо асуулт асууж байгаад уучлаарай, гэхдээ Бяцхан-Эрдэнэ ярьж чаддаггүй юм уу?”

Өнөөдрийг хүртэл бүсгүй Бяцхан-Эрдэнийг ганц үг ч атугай хэлэхийг огт сонссонгүй. Хүү ердөө л толгойгоо дохих аль эсвэл сэгсэрдэг байлаа.

“Ярьж чадахгүй гэхээсээ илүүтэй ярихыг хүсэхгүй байгаа юм” хэмээн Лү Тиншяо хариулав.

“Сэтгэлийн зовиуртай байх нь ээ?” хэмээн Нин Ши хөмсгөө зангидан зовнингуй хэлэв.

“Бяцхан-Эрдэнэ ер нь дотогшоогоо хүүхэд. Сэтгэлээ нээдэггүй юм” гэж хэлэхдээ Лү Тиншяод юу ч нууж хаасангүй.

“Тийм үү……” Бараг л бүсгүйн таамаглаж байснаар байлаа.

Харин Бяцхан-Эрдэнэ яагаад сэтгэлээ нээдэггүйн шалтгаан нь энэ баян гэр бүлийн дотоод нууц учир Нин Ши мэдээж цааш лавлан асууж зүрхэлсэнгүй.

“Нин авхай.” Лү Тиншяо гэнэт харцаа түүн дээр төвлөрүүлэв. Түүний хоёр нүднээс, тайван атлаа хүйтэн, гэрэл цацарч байлаа. Гэсэн ч түүний харц дэндүү ширүүн байсанд хүний биеийг үнс нурам болтол нь түлж магадгүй мэт бүсгүйд санагдав.

“Хоёулаа өмнө нь уулзаж байсан билүү?” хэмээн Лү Тиншяо асуув.

Энэ асуултыг өөр хүн тавьсан бол Нин Ши түүнийг лавтай яриа өдөх гэж байна гэж бодох байсан байх. Бүүр хуучирсан хэллэг ашиглаж шүү. Гэхдээ энэ асуултыг Лү Тиншяо тавьж байсан бөгөөд түүний харц үнэнээсээ төөрөлдсөн мэт үзэгдэв.

“Үгүй байх аа. Би таныг өмнө нь харсан байлаа ч та намайг огтоосоо тоож харахгүй байсан биз… Энд ямар нэг асуудал байгаа юм уу?” Нин Шигийн хоолойн өнгө аяс бат итгэлтэй сонсогдов. Түүн шиг байр суурьтай хүн Лү Тиншяогийн зиндааны хүнтэй учирна гэж байх ч үгүй. Мэдээж Нин овогтны гэр бүлийн залуу авхай байсан тохиолдолд бодож үзсэн ч шүү дээ.

“Яагаа ч үгүй.” Лү Тиншяо харц буруулж, түүний нүдэнд цонхны цаана харагдах гүн шөнийн өнгө ойв. Эр бага зэрэг ганцаардсан харагдлаа.

Энэ чигээрээ яриад байвал уур амьсгал нэг л эвгүй болох байлаа!

“Лү эрхэм ээ, өөр зүйлгүй бол би явж унтлаа шүү?” хэмээн Нин Ши болгоомжлон хэлэв.

Лү Тиншяо бүсгүйг нэвт харсан мэт гараараа дохин хэлэв, “Яарах хэрэггүй, суу.”

Яарах хэрэггүй ээ?! Би аймаар яарч байсан юм, мэдэв үү!

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s