Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 11

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                             Дараагийн бүлэг


11-р бүлэг: Том бүжин дээр нэмэх нь бяцхан бүжин

Нин Ши гэртээ хариад хамгийн түрүүнд нойроо нөхөж авахаар унтав.

Сэрснийхээ дараа бүсгүй дэлгүүр орж, халуун тогооны хоолонд орох орц материал, жаахан хачир, мөн шар айраг худалдаж авлаа.

Анхныхаа тулаанд ялснаа тэмдэглэж гэртээ халуун тогооны хоол хийж иднэ ээ!

Гэвч ганцаараа халуун тогооны хоол идэх нь хүнд тохиолдох хамгийн гунигтай зүйл байв…

Тэрээр ядаж л өдийг хүртэл ганцаараа байсаар ирсэн учир дассан нь яамай даа.

Бүсгүйг хоолоо хийж эхлэх гэтэл хаалга тогших чимээ дуулдав.

Энэ орой болсон хойно түүн дээр хэн ирдэг билээ?

Нин Ши хаалгыг сэрэмжлэн онгойлгож хараад мэл гайхав.

Лү Тиншяо европ загварын дэгжин хослол, гадуураа хар хүрэм өссөн байлаа.

Бяцхан бүжин түүний энгэрт тэврүүлэн, гартаа өнгөлөг жимсний сагс барьсан байлаа.

…Яасан этгээд хоёрын нийлэмж вэ?

“Лү эрхэм ээ?” Нин Ши айн шүлсээ залгин хэлэв, “Шөнө болсон хойно яасан гэнэтийн хэрэг вэ? Ямар нэг юм болоо юу?”

Лү Тиншяогийн нарийхан уруулаас хоёрхон л үг гарав, “Өвчтөнийг эргэе.”

Өвчтөнийг эргэе ээ?

Тэр, хар шөнө болсон хойно бяцхан бүжинг дагуулаад биечлэн ирлээ гэж үү дээ?

Уг нь сүйдтэй бэртэл байгаагүй л юм сан, бүсгүй амьд мэнд, үсэрч дэвхцээд явж л байна шүү дээ……

“Аан та дэндүү эелдэг юм аа, Лү эрхэм ээ. Манайх замбараагүй байгаад уучлаарай. Та орооч.” Нин Шид өөрөөр хариу үйлдэл үзүүлэх цаг байсангүй. Бүсгүй баярласан, гайхсан чигээрээ зүгээр л тэднийг оруулчихлаа. Тэрээр өрөөгөө шалавлан цэвэрлэж, буйдан дээр байсан хогуудыг хаяж, овоолоостой хувцсаа орон доогуур нуув….

“Хүссэн газраа суугаарай. Та юм уух уу? Ногоон цай эсвэл сүү болох уу?” Нин Ши завгүй байхынхаа хажуугаар Лү Тиншяог яах гэж ирснийг таах гэж тархиа гашилгаж байлаа. Харамсалтай нь Лү Тиншяо дэндүү гүн бодолтой хүн учир Нин Ши яаж ч хичээгээд шалтгааныг нь олж чадсангүй.

“Тэгье,” гээд Лү Тиншяо яг л байдлыг илтгэсэн цэрэгтээ хариу хэлж буй командлагч мэт толгой дохив.

Нин Ши Лү Тиншяод цай найруулж, бяцхан бүжинд сүү аягалахдаа гайхширсан хэвээр байв. Лү Тиншяо зочны өрөөний давчуу буйдан дээр тухгүйхэн сууж, бяцхан бүжин түүний хажууханд суув.

Эцэг хүү хоёр адилхан харагдахаас гадна царайны хувирал нь ч усны дусал шиг адилхныг хэлэх үү.

Хоёул царайны хувиралгүй.

Аниргүй.

Тэдний дунд эвгүй уур амьсгал үүсэв.

Нин Ши тэдний эсрэг харж суугаад бараг л нулимс нь гарах шахаж байв.

Ёо энэ хоёр энд яах гэж ирсэн юм бол оо?

Яг энэ мөчид тогооноос хоол буцлах чимээ гарч, халуун ногооны сэнгэнэсэн үнэр агаарт тархав. Нин Ши өрөөнд дуу оруулах гэсэндээ асуув, “Та хоёр хоол идсэн үү? Би халуун тогооны хоол хийх гээд байж байлаа. Та хоёр хамт идэх үү?”

Лү Тиншяо: “Тэгье.”

Бяцхан бүжин толгой дохив.

Нин Ши: “…….”

Бүсгүй зүгээр л ёс болгож асууж байхад энэ хоёр зөвшөөрөөд, хүний дургүйг хүргэх гээд байгаа юм байх даа?

Нэг нь гүйцэтгэх захирал, нөгөө нь бяцхан залуу эзэнтэн. Мэдээж өмнө нь өчнөөн төрлийн амтат хоол зооглож байсан л байлгүй дээ. Энэ хоёр яахаараа энд ирж, түүн шиг энгийн иргэнтэй хамт жижигхэн ядарсан айлд халуун тогооны хоол идэхийг хүсдэг байна аа?

Нин Ши өөрийн ядруухан хоолноосоо ичив.

Гэвч бүсгүй нэгэнт л ам гарснаас хойш хоёр илүү савх гаргаж тавиад, шүдээ зуун тэвчиж, тэднийг хоолны ширээнд урихгүй гээд яалтай билээ.

“Шөлний амтлагч нь нэлээд халуун ногоотой шүү. Идэж чадах уу?” хэмээн Нин Ши санаа зовнин асуув.

Лү Тиншяо: “Чадна.”

Бяцхан-Эрдэнэ толгой дохив.

За за……

Нин Ши саяхан угаасан ногоонуудаа ширээн дээр авчирч тавив.

Лү Тиншяо бараг идсэнгүй, тэдэнд хоол хийж өгч байв. Харин бяцхан бүжин Нин Шигийн адилаар халуун ногоотой хоолонд нугасгүй дуртай байв. Хүү халуун ногооноос болоод хэлээ унжуулж байсан хэрнээ л идээд байв.

Эцэст нь Нин Шигийн санаа бага зэрэг зовов, “Хүүхэд ийм их халуун ногоо идвэл муу биш үү?”

Бяцхан ханхүүд ямар нэг зүйл тохиолдвол тэрээр гарах үр дагаврыг нь хариуцаж чадахгүй байлаа.

“Тийм эмзэг биш ээ.” Лү Тиншяо бүсгүйг үндэслэлгүй дэмий зүйлд санаа зовж байна гэж бодов.

Нин Ши цаашдаа бодлоо өөртөө л үлдээж байхаар шийдэв.

Дуу цөөтэй, тайван Лү Тиншяо гэнэт ам нээн яриа эхлүүлэв, “Сонгон шалгаруулалт чинь юу болсон?” Нин Ши хариулахаасаа өмнө хэсэг гайхан, хөдөлгөөнгүй болов.

“Асуудалгүй болж өнгөрсөн болохоор өнөөдөр тэмдэглэх гээд халуун тогооны хоол хийж байлаа!” хэмээн бүсгүй хариулав.

Лү Тиншяо хундгаа өргөн, “Баяр хүргэе” гэв.

Лү Тиншяо түүнд баяр хүргэх анхны хүн болох юм гэж тэр санасангүй…….

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s