Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 01

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Дараагийн бүлэг


1-р бүлэг: 7 сартай жирэмсэн

Бүсгүйн бие халуун лава шиг төөнөж, өмнө нь байх эр л түүнийг аврах юм шиг санагдаж байв…

Тэрээр эрийн гантиг мэт хүйтэн арьснаас зуурч, амьд үлдэх байгалийн зөнгөө даган аяндаа эсэргүүцэхээ болив…

Түүний толгойд салют буудуулах мэт өвдөлтийн араас аажмаар таашаал түрэн орж, бие нь галаар бүтсэн тэнгист хөвж буй нэгээхэн завь мэт санагдах аж…

Хөвөөд живж буй мэт, бүсгүй өөрийгөө чөлөөлж эс чадна——

“Хөөе, босоорой…… Энд хүйтэн байна, ханиад хүрэв ээ——”

Мөр нь хүндүүрлэж байсанд Нин Ши гэнэт сэрж, тогтворгүй нүдээр эргэн тойрноо гүйлгэж харвал сувилагч үзэгдэв. Бүсгүйн нүүр ичсэндээ тэр даруй минчийн улайж, сувилагчийн харцнаас зугтах гэсэндээ газар доорх нүхээр мөлхөөд орчихмоор санагдаж байв.

Чөтгөр аваг, тэр согтуу шөнөөс хойш их хугацаа өнгөрсөн ч гэлээ Сү Янтай өнгөрүүлсэн тэр халуухан шөнө Нин Шигийн зүүдэнд үе үе орж ирэх ажээ.

Ухаанаа алдатлаа согтсоныг ч хэлэх үү, бүсгүй тэр шөнийн тухай хэр бараг санахгүй тулдаа л Яны царайг харахтай үгүйтэй байв.

Сувилагч түүнийг ашгүй нэг сэрснийг хараад, бичиг баримт өгөн “Та жирэмсний үеийн үзлэгийн хариугаа авахаа мартсан байсан, Жан доктор таныг дараа долоо хоногт ахиад ирээрэй гэсэн шүү!” хэмээв.

Нин Ши хариугаа хараад эелдэгхэн инээмсэглэж, цүнхэндээ нямбайлан хийв. Сү Ян гадаадад сурч байсан учир өнөө орой л эргэж ирж байгаа тул Нин Ши түүнтэй орой уулзана гэж бодох төдийд өөрийн эрхгүй биеэ барив.

Учир нь Сү Ян огт холбоо сүлбээ барих боломжгүй газар амьдарч байсан учир хүүхдийг 7 сар гарантай болсных нь дараа л Нин Ши түүнтэй холбоо барьж чаджээ.

Нин Шиг жирэмсэн гэдгийг дуулаад Сү Ян ихэд цочирдсоныг санаад Нин Ши сандарч эхлэв.

Тэр жирэмсэн учраас ийм эмзэг байгаа юм байх даа? Түүнд Сү Ян тийм ч их баяртай биш байсан мэт санагдаж байв.

Тэгтэл эмч “эрчүүд бүгд л анхныхаа хүүхдийг гарахад тиймэрхүү зан гаргадаг юм, бодол нь өөрчлөгдөх гэж хэсэг хугацаа орно оо!” хэмээн бүсгүйг тайтгаруулав.

Гэхдээ…… тийм баймааргүй юм, гэрлэлтийн тухайд хүртэл заавал бүсгүй түрүүлж хэлэх юм байх даа?

Түүнийг эмнэлгээс гарч ирэхэд тэнгэрт нар шарж байв.

Нин Ши хэвлийгээ даахгүй, такси дуудахын даваан дээр нэг ганган улаан спорт машин түүний өмнө хурдлан давхив.

Нин Ши балмагдсандаа хэдэн алхам ухрав.

Өнөө улаан спорт машин нь түүний хувцасны үзүүрийг шүргэсхийн гэнэт зогсож, тормосных нь чяхрах чимээ дуугарав.

Нин Шигийн зүрх бараг л зогсчихсонгүй; бүсгүй хөл дээрээ аажмаар тэнцвэрээ олон хартал, улаан бариу даашинз өмссөн хүүхэн машинаасаа буухдаа долгионтой үсээ намируулав.

“Нин Шүэлүо, чи чинь солиотой юм уу?”

Нин Шүэлүо түүнрүү хараад, нүүрэндээ ихэд гүн утга бүхий инээмсэглэл тодруулав.

Хүүхэн гараараа элгээ тэвэрчхээд, тайзан дээр алхаж байгаа юм шиг гунхаж алхсаар Нин Шигийн өмнө ирж зогсов. Өндөр өсгийт өмссөн хүүхэн цөдийсөн гэдэстэй Нин Шиг басамжлах мэт дээрээс нь хараад:

“Яасан? Наад гэдсэн дэхь зулбасгыг чинь алчихна гэж айгаа юу?”

Нин Ши өөрийн эрхгүй хэвлийгээ хамгаалсан маягтай арагш ухраад хүүхнийг болгоомжилсон харцаар харж: “Нин Шүэлүо! Чи битгий давраад байгаарай!”

Бүсгүй Нин Шүэлүотой үргэлж муудалцдаг байсан хэдий ч түүнийг ийм харгис ширүүн үг хэлэх ч юм гэмээн санасангүй.

“Даврах ий? Харин чи өөрөө битгий давраад байгаарай! Тасартлаа согтчихоод нэг балмад эртэй унтаж жирэмсэн болчхоод Сү Яныг наадхынхаа эцэг нь болгох гэж байдаг. Чаавас даа…… Нин Ши, чи ч ичих нүүргүй амьтан юм даа!”

Үүнийг сонсоод Нин Ши гүн цочирдож, хамаг бие нь хөшив, “Чи юугаа дэмийрээд байна аа?”

“Хүүе, чи арай тэр шөнө унтсан эрээ Сү Ян гэж андуураад байгаа юм биш биз дээ?” гээд Нин Шүэлүо мушилзаж, хойш налан зогсоод: “Чи байнга л Сү Янтай бага байхаасаа хойш үерхсэн хосууд гэдэг л юм байна билээ. Чи түүний ямар биетэйг нь ч мэддэггүй юм уу?”

Түүний ярихыг сонсоод Нин Шигийн царай хувхай цайж, гадаа нар шарж байсан ч түүний бүхэл бие хүйт даав.

Нээрээ тийм, тэр шөнийн эр……

Бүсгүй…… Сү Яныг том болсныхоо дараа хамаагүй туранхай болсон байна шүү л гэж боджээ.

Нин Шүэлүогийн хорон үгийг сонсоод, тэр шөнийн эр биеэрээ ч гэлтгүй ер нь Сү Янаас нэлээд өөр байсан тухай бүсгүйн толгойд зурс хийн орж ирэв.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s