Айшиагийн ханхүү Ина – 2

Энэ долоо хоногийн үнэгүй нэг хэсэг

Энэ зохиолыг 8000₮ ивээн тэтгэх бүрт нэмэлт нэг хэсэгтэй. Зохиолыг шинээр зохиож буй юм.

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 2 – Меви гүнжийн төрсөн өдөр

Айшиагийн хааны ордонд өдрийн наран жаргахтай зэрэгцэн Меви гүнжийн өргөөний урд томоо зоогийн ширээ бэлдсэн байлаа. Меви гүнжийн 18 насны төрсөн өдрөөр 2-р зэрэглэлийн тайжаас дээш хэргэм цолтой ноёд, улсын нөлөө бүхий хүмүүс уригдсан байв. Мөн Алхимийн холбоо, Шидтэний холбоо, Айшиа улсын хамгийн том шидтэний бүлгэмүүдээс хүмүүс уригджээ. Айшиагийн тэргүүн худалдааны нэгдэл, Фиро худалдааны нэгдлийн эзэн мөн уригдсан.

Роланд худалдааны нэгдлийн эзэн Теодр Роланд өөрийн охин авхай Этел Роландаа дагуулан хааны ордонд анх удаа ирнэ. /Ethel Roland/ Этел Роланд цэнхэр өнгийн даашинз өмссөн, шаргал үстэй үзэсгэлэн төгс авхай байв. Тэрээр үзэсгэлэн төгс, өөрийн дураар эрх авхай хэдий ч 14 настай учраас санхүүгийн хувьд өөрийн эцэг Теодр Роландаас бүрэн хамааралтай. Төрсөн цагаасаа харц гаралтай учраас ноёдын авхай нартай ойртон дотносч болохгүй, ойртон дотнослоо ч эцэс сүүлдээ гадуурхагддаг учраас өөрийн цус, Роланд овогтоо тэрээр дургүй билээ.

Роланд худалдааны нэгдлийн сүйх тэргэнд охиныхоо өмнө суух бүдүүн Теодр охиндоо захина.

“Миний охин өнөөдөр анх удаа хааны ордонд орох гэж байгаа учраас өөрийн үйл явдлаа цэгнэдэг юм шүү. Гэртээ байдаг шигээ дураараа байж болохгүй.” Теодр хатуу захиж хэлнэ.

“Ааваа. Хааны ордон нь тэндээ юм байгаа биз. Ингэхэд энэ надтай ямар холбоотой юм бэ?” Этел Роланд аавдаа дургүйхэн хэлнэ. Учир нь Этел Роланд бага наснаасаа хойш эрх дураараа өссөн учраас өөрийнхөө хийх дуртай зүйлээ л хийж ирсэн.

“Охин минь ингэж ярьж болохгүй. Чиний өвөө хэдий харц гаралтай ч гэсэн Роланд пүүсийг байгуулах гэж ямар хүч хөдөлмөр зарцуулсныг чи мэдэхгүй. Хэрэв өвөө чинь амьд сэрүүн Айшиа улсын хааны ордныг харсан бол үхэхдээ харамсахгүй байсан биз.” Теодр Роланд охиндоо сургамж айлдана.

Аавынхаа хэлсэн үгийг сонссон Этелийн өр зүрх нь сэмрэн өвөөгөө өрөвдлөө.

“Өнөөдөр аав нь Бастион дээр хэнтэй таарсан гэж бодож байна?” Теодрийн нүд гялалзаж, баясгалантай аргаггүй хоолойгоор хэллээ.

“Хэн тэр билээ?” Гайхсан Этел Роланд ааваасаа асуув.

“Эрхэм дээдэс, Айшиа улсын тэргүүн ханхүү Айшиа овгийн Ина шүү дээ.” Теодр Роланд охиндоо хэллээ.

“Айшиа овгийн Ина юу? Надтай чацуу Ина ханхүү?” Этел Роландын нүүр улайн ичингүйрэв. Тэрээр язгууртан айлын охидоос Ина ханхүү охин бүрийн мөрөөдөл шүтээн болмоор сайхан залуу гэж сонссон.Мөн  Ина ханхүүг харсан уран зураачид Ина ханхүүгийн хөргийг зурвал язгууртан авхай нарын дунд өндөр үнээр үнэ хаялцан зарагддаг гэдгийг мэднэ. Этел Роланд тэр ч бүү хэл өөрийнхөө өрөөнд нууцаар өндөр үнээр үнэ хаян байж авсан Инагийн хөрөг зургыг тэвэрч унтдаг.

Гэнэтхэн Этел Роландийн нүд сэргэн, урам зориг орсноо хэлэв.

“Мэдлээ ааваа. Өнөөдөр би үйл явдлаа цэгнэж явнаа!” Этел Роланд аавдаа хэлвэл эцэг үр хоёр хөхрөлдөн инээлдэцгээнэ.

Айшиа улсын хааны ордны төв хаалга 3 метр өндөр, 6 метрийн өргөнтэй. Төв хаалганы доторхыг гаднаас өнгийн харвал цаана нь ус нь оргилох усан оргилуур, анхилуун сайхан цэцэрлэгт хүрээлэн харагдана. Цэцэрлэгт хүрээлэнгийн ард өндөр цамхагуудаар сүндэрлэсэн Айшиа улсын хааны ордон орших ажээ. Хааны ордны чулуун хэрмийг тойрсон уртаа үргэлжлэх шидэт хээ зурагдсан байдаг нь хааны ордон, Айшиа овгийг хамгаалах тусгай шид юм.

Роланд худалдааны сүйх тэргийг хааны торгон цэргүүд сүхт жадаа хэрээслэн зогсоов.

“Юун хүн билээ? Сүйх тэргээсээ бууна уу!” Айшиа ордны төв хаалганы харуул, торгон цэрэг бүдүүн хоолойгоор тушаав.

Теодр Роланд сүйх тэргээсээ буулгүй цонхоороо ордны харуулд Ина ханхүүгийн гарын үсэгтэй төрсөн өдрийн урилгыг ханцуйнаасаа гарган үзүүлээд. “Роланд худалдааны нэгдлийн эзэн Теодр Роланд байна. Меви гүнжийн төрсөн өдөрт намайг урьсан Эрхэм дээдэс Ина ханхүүгийн гарын үсэгтэй захиа энэ байна.”

Энэ үгийг сонссон хажуугийн торгон цэргийн харуул шивэгнэнэ. “Өнөөдөр Ина ханхүүгийн бараа бологч Дорж ирээд Роланд худалдааны пүүсийг ирнэ гэж мэдэгдээд явсан. Энэ хүн мөн болж таарлаа. Уурыг нь хүргээд, янзыг нь үзвэл хоёуланд гай ирж мэднэ шүү!”

Хажуугийн торгон цэргийн шивнэлтийг сонссон торгон цэргийн нүд бүлтийв. Тэрээр жүжиглэн инээмсэглээд “Өө, ёс мэдэлгүй хүндэтгэлгүй харьцсан намайг өршөөгөөрэй. Та сүйх тэрэгтэйгээ оролгүй яахав.” Торгон цэргийн харуул ордны хаалгыг нээв.

“Хөөх, хааны ордон ямар сайхан юм бэ? Ааваа!” Хааны цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуурыг хараад уулга алдсан Этел авхай аав уруугаа инээмсэглэн, нүд нь гялалзан хэллээ.

“Аав нь ч гэсэн анх удаа хааны ордонд орж ирж байна. Айшиа хотын дээдсийн дүүргээс ч тансаг юм гээч!” Теодр Роланд гаднаа тайван байгаа хэдий ч дотроо ихэд аз жаргалтай байлаа. Тэрээр харц гаралтайн улмаас хааны ордонд хөл гишгэх байтугай ойртож ч үзээгүй нэгэн.

“Хөгшин эцэг минь хүүгээ тэнгэрээс харж байна уу? Айшиагийн хааны ордонд охиноо дагуулаад ороод ирлээ шүү дээ!” Теодр Роланд сүйх тэргийн цонхоор дээшээ тэнгэрийн үүл уруу харж хэлнэ.

* * *

Тэнгэрийн хаяанд наран тулж, зуны урь орчныг чимнэ. Хөгжимт дуу хуур эгшиглэж, Меви гүнжийн төрсөн өдрийн цэнгүүн, зоог бэлэн болжээ. Меви гүнжийн өргөөний гадна, уртаа зассан ширээнд төрөл бүрийн хоол, дарс амттай шимтэй бүхэн өрөөстэй. Төрийн сайд ноёд, сэхээтэн язгууртнууд бүгд уригдсан ажээ.

Ширээний хойморт Айшиа улсын эзэн хаан Эймон заларч, түүний дор Меви гүнж заларсан байв. Меви гүнжийн өмнө хөрш зэргэлдээ дайчдын Калина /Calina/ хаант улсын хунтайж Хэндри /Hendry/ сууна. Мөн Меви гүнжийн хажууд Ина ханхүү, Ина ханхүүгийн хажууд Теодр Роланд охинтойгоо суух ажээ.

“Меви эгчээ таньд төрсөн өдрийн мэнд хүргэе. Дүү нь танд энэ бэлгийг бэлдсэн юм.” Ина ханхүү Игдрэсилийн бугуйвчтай модон хайрцгийг Меви эгчдээ өглөө. Меви гүнж дүүтэйгээ адил үзэсгэлэн төгс, хар үстэй, гүн хар нүдтэй сайхан охин байв. Меви гүнж газар дээрх ганцхан дүүтэй учраас дүүдээ машид их хайртай болно.

Меви гүнжид өгч буй бэлгийг эзэн хаан Эймоны бага хатан Роза /Rosa/ ширээний нөгөө талаас нууцаар харлаа.

“Үгүй ер, энэ Ина гэж зулбасга 15 жил мөнгө үрээгүй. Эгчдээ төрсөн өдрөөр нь юу өгөх юм бол гэсэн модон бугуйвч өгөхдөө яахав дээ.” Роза хатан дотроо зүхэн бодов. 29 настай Роза хатан улаан буржгар үс, нил ягаан даашинз өмссөн байв. Хэрэв хүн сайн ажиглаад харах юм бол Роза хатны нүдэнд яг одоо үзэн ядалт, өст санаа хуржээ.

Роза хатан өөрийн гэсэн гурван ханхүүг төрүүлсэн. Өөрийн ханхүү нараас хаан ширээг залгамжлахын тулд Меви гүнж, Ина ханхүү хоёр л тээг болж буй. Тиймээс Роза хатан дотроо үргэлж Ина ханхүүг зүхэн хараадаг байв.

“Эгчээ энэ бол Игдрэсил модоор хийсэн бугуйвч. Та үргэлж зүүж яваарай. Хор, хараал хоёроос хамгаалдаг гэсэн юм шүү. Аа тийм. Энэ бол Роланд худалдааны нэгдлийн эзэн Теодр Роланд бас түүний охин авхай Этел Роланд. Надад энэ бугуйвчийг авахад гүнээ тусласан.” Ина ханхүү инээмсэглэн эгчдээ шивнэн хэлвэл Меви гүнж Теодр, Этел хоёр уруу мишээн хараад өөрийн баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Теодр Роланд тэргүүн ханхүүгийн дараа сууж буйг хараад олон чин ван, тайж нар гайхан харсан ч их юм санасангүй. Теодр Роландыг харин хэрхэн мөс шиг хүйтэн Ина ханхүүтэй дотноссон талаар бодоцгооно.

Фиро худалдааны нэгдлийн эзэн Рүфүс Фиро /Rufus Firo/ харин Теодр Роландыг харан шаралхаж байлаа. Өмнө хааны ордонд хөл гишгэж үзээгүй Теодр Роландыг харах бүртээ өөрийгөө нэг шат илүүг мэдрэн бардамндаг байсан бол өнөөдөр Теодр Роланд охинтойгоо Меви гүнжийн төрсөн өдрийн зоогон дээр өөрөөс нь дээшээ суусан байв.

Этел Роландын хувьд өөрийн мөрөөдлийн залуу Ина Айшиагийн бараг л хажууд суусандаа нүүр нь улайж ягаараад, цэвэр уснаас өөр зүйл амсаж чадалгүй гэгэлзэнэ.

Эзэн хаан Эймон өөрийн бараа бологчдоо нүдээ ирмэн дохио өгвөл хааны үйлчлэгч нар зочдын хундагыг дүүргэв.

Эзэн хаан Эймон босч зогсоод хундагаа гурвантаа дуугаргаад “Эрхэм зочдоо. Өнөөдөр миний гүнж Мевигийн 18 насны төрсөн өдөр. Энэхүү баярт явдлыг тохиолдуулан хөрш Калина улсын хаан ширээг залгамжлах хунтайж Хендри бараалхаж байна. Эцэг хүний хувьд би охиноо нас бие гүйцэн, арван найман нас хүрч байгаад баяртай байна. Харин эзэн хааны хувьд би гүнжээ өнөөдөр 18 нас хүрч буй энэ явдал дээр нэгэн мэдээг дэлхий дахинаа зарлая.”

Ирсэн язгууртан ноёд, Ина ханхүү, Меви гүнж, Теодр Роланд, Этел Роланд, Шидтэний холбооны ерөнхийлөгч Сүвиас, Фиро худалдааны нэгдлийн эзэн Рүфүс Фиро гээд ирсэн зочин бүр хундгаа өргөн зогсов.

“Өнөөдөр, Меви Айшиагийн төрсөн өдрөөр, Эймон Ви Айшиа /Eymon vi Aixia/ миний бие Калина улстай энхийн гэрээг эрхэмлэн. Меви Айшиа болоод Хендри Калина хоёрын хоорондох сүй тавьсныг албан ёсоор зарлаж байна.” Эзэн хаан Эймон баяр бахдалтайгаар хэллээ.

Хаан аавынхаа үгийг сонссон Ина ханхүүгийн дотор барайв. Учир нь Калина улс Айшиа улс хоёр эрт дээр үеэс дайтан ирсэн улсууд. Харин өнгөрсөн жилээс Айшиа, Калина хоёр энхийн гэрээг үзэглэсэн. Улсуудын өс хонзон намжаагүй үед төрсөн эгч Меви нь харийн улсыг зоривол Калина улсад ганцаардах, зовохоос дамжиггүй.

Үүнийг сонссон Роза хатны хорчин нүдэнд баяр хөөр тодорлоо. Меви гүнжийг дэмждэг сайд ноёд байдаг. Мөн талийгаач их хатны төрсөн ах Шидтэний холбооны ерөнхийлөгч Сүвиас одоогоор Меви гүнжийг дэмждэг. Хэрэв Меви, Ина гэсэн хоёр бул чулууны Меви нь Калина улсад бэр орох юм бол нэг бул чулуу нь арилах баярт үйл явдал болж буй хэрэг.

Эцгийнхээ зарлалыг сонссон Меви гүнжийн нүдэнд харин цаанаа л нэг гуниг хуралдаастай. Эймон эзэн хааны энэ шийдвэрийг өмнө сонссон Меви хэдийгээр сэтгэл зүйгээ бэлдсэн ч гэсэн жүжиглэж инээмсэглэж буйг төрсөн дүү Ина ханхүү мэдэлгүй яахав. Эгчийнхээ хүчлэн инээмсэглэж буй, мөн дотроо нуугдсан гүн гунигийг харвал Ина ханхүүгийн зүрх урагдах шиг болно.

“Эзэн хаан мөнх наслах болтугай. Эзэн хааны сүр хэмжээлшгүй!” Ирсэн зочид нэг дуугаар хэлнэ.

Хендри Калина өөдөөсөө суух Меви гүнжийн нүдэнд гуниг хуралдаастай байгааг анзаарав. Хендри Калина хэдийгээр өст дайсны улсын хунтайж хэдий ч дотроо сайн хүн. Анх Меви Айшиаг хараад тэрээр ихэд олзуурхан, сэтгэл алдарсан учраас өөдөөс нь суухдаа ичингүйрэн ягаарч байлаа. Одоогоор 20 настай тэрээр өмнө ганц эмэгтэй хүнтэй учирсан. Гэхдээ хэзээ ч Меви Айшиа гүнжтэй адил ийм үзэсгэлэн төгс эмэгтэйг харж байсан удаагүй.

“Меви гүнжтэй ингээд сүй тавьчихлаа. Меви гүнжийг насан туршдаа хайрладаг юм шүү азтай залуу минь” Хендри Калина нүдээ тас анин инээмсэглээд дотроо шивнэв.

“Меви гүнж, Хендри хунтайж хоёрын сүйн ёслол дараа сарын 1-нд товлохоор шийдлээ.” Эймон эзэн хаан дахин хэлж хундагаа тогтоов.

“Эзэн хаан мөнх наслах болтугай.” Гээд зочид бүгд хундагаа барив.

***

Меви гүнжийн төрсөн өдрийн цэнгүүн олон сайхан үзүүлбэр, галт наадам, сайхан цэгээгээр үргэлжилсээр сайд ноёд согтон найрлана. Ина ханхүү эгчтэйгээ ярилцаж дуусаад бараа бологч Доржтой хамт тэргэл сар туссан хааны ордны нуурын хөвөөнд түшлэг налаад зогсоно. Ина ханхүү дотроо ихэд гунигтай байлаа. Учир нь өөрийнх нь ганц сэтгэлээ уудладаг, түшиж явдаг эгч нь Калина улс уруу энэ намар хуримаа хийн бэр орно. Дарс огт амсаж үзээгүй Ина ханхүү түшлэг налан, нуурын хөвөөнөө тольдон тусах галт наадмыг харж байлаа. Ина ханхүүгийн хойно олон сайд түшмэд найрлан, согтоод найгана. Гэхдээ Ина ханхүү дээр нэгэн залуухан авхай зориг гарган дөхөөд ирэв.

“Өршөөгөөрэй.” Этел Роланд хоолойгоо нарийсган ичингүйрэн очлоо. Энэ үед Дорж бараа бологч Этел Роландаас ханхүүг харамлан, сэрэмжилж сайтар ажиглана.

Ина ханхүү эргэж хараад Этел Роландийг харав.

“Өө, Теодр Роландын охин, Этел авхай байх чинь. Ямар хэрэг болоо вэ?” Ина ханхүү сониучирхан асуулаа.

“Эрхэм дээдэс минь, өчүүхэн надад ганц хүсэл байгаа юм л даа. Аймшиггүй зүрх гаргаад таниас энэ хүслийг минь биелүүлээд өгөөч гэж гуйж болохсон болвуу?” Этел Роланд бөхийн ёслоод гуйв.

Үзэсгэлэнтэй авхайн аймшиггүй бөх зүрхтэйг гайхаад барахгүй Дорж бараа бологч нүдээ бүлтийлгээд Этелийг харав. Гэхдээ Ина ханхүүд сэтгэлтэйг гадарласан Дорж бараа бологч өөрийн эзэн уруугаа харвал хайр дурлалд нас залуудахгүй гэж бодоод оролцсонгүй.

“Хэл л дээ, Этел авхай. Миний хүч хүрдэг бол чамд туслая. Өнөөдөр чиний эцэг Теодр Роланд надад гүнээ тусласан.” Ина ханхүү инээмсэглэн хэлэв.

“Мөхөс би бээр хааны ордонд анх удаа хөл гишгиж байгаа минь энэ юм. Хааны ордонг тойрон харах юмсан гэж багаасаа боддог байлаа…” Этел авхайн хоолой нарийсан намссаар тасрав.

“Иймхэн учиртай байсан юмуу? Тэгвэл Этел авхайд би өнөөдөр хань болж ордонд цуг алхая.” Ина ханхүү Этел авхайтай цуг Мевигийн өргөөнөөс гарч алхана.

Ина ханхүү, Этел авхайтай тэргэл сартай шөнө, оддын дор, хааны ордны шидэт гэрэлтүүлгээр гэрэлтүүлсэн гайхалтай цэцэрлэгт хүрээлэнгийн замаар алхана. Энэ үед хааны ордонд намуухан, үе үе галт наадмын дуу сонсогдоно. Мэдээж тэр хоёр юу гэж хоёулхнаа алхах билээ? Дорж бараа бологч Ина ханхүү, Этел авхайн ардаас гэмгүйхэн алхаж байлаа.

“Этел авхай, энэ хэсгийг Эдэн цэцэрлэг гэдэг. Миний ээж, их хатан энэ цэцэрлэгт ирэх дуртай байж билээ.” Ина ханхүү эргэн тойрноо заагаад удаанаар алхана.

Харин Этел авхайн нүдэнд Ина ханхүүгээс өөр юу ч харагдахгүй, сонсогдохгүй чихэн дүлий мэт болсон байв. Тэрээр уярч хайлан, Ина ханхүүд гүнээ дурлажээ.

Ина ханхүүтэй ордноор аялсан мөч харвасан сум мэт өнгөрч нэг мэдэхэд Роланд нэгдлийн харшдаа Этел Роланд, Теодр Роланд эргэн ирлээ.

“Ааваа, хааны ордон үнэхээр сайхан юм. Та харсан ч болоосой. Айшиагийн ордны цэцэрлэгт хүрээлэнгийн ямар үзэсгэлэнтэйг.” Этел Роланд эргэлдэн, нүүрнээсээ гэрэл цацруулан хэллээ. Этел эргэвэл түүний цэнхэр даашинз цэцэг мэт дэлгэгдэнэ.

“Өнөөдөр хааны ордонд очих дүргүй охин ингэж өөр болох дээ.” Теодр Роланд хөхрөн инээлээ.

****

Яг энэ мөчид хааны ордонд

Хааны ордны зочны өрөөнд ил гал дүрэлзэн асч, нэгэн номыг газар шидсэн Ина ханхүү сууна. Ил галын өмнө бор буйдан байх ба Ина ханхүү ном уншин тухлан сууж байгаад уур нь хүрч номоо шидлэв.

“Дорж ахаа, аав яагаад Меви эгчийг Калинда улсын ханхүүтэй сүй тавиулсан гэж бодож байна?” Ина ханхүү номоо хаагаад санаа зовнингуй асуув.

“Ханхүү минь, эртнээс бид Калинда улстай дайтсаар ирсэн. Калинда улсын ард иргэд ид шид хэрэглэж чаддаггүйгээс болоод дайнд ихэд хохирол амсдаг байсан. Харин арваад жилийн өмнөөс Калинда улсын Цэргийн яам ид шид хязгаарлах хээн бичээсийг зохиосноор манай улсын цэргийн хүчтэй эн тэнцүү дайтаж чаддаг болсон. Ийм хүйтэн цагт хэрвээ эв найрамдал, энхийг сахихгүй бол манай улсын иргэд ихээхэн хохирол амсна.” Дорж бараа бологч тайлбарлав.

Дорж бараа бологчгийн үгийг сонссон Ина ханхүү гараа чангаас чангаар атгав. Яг одоо түүний хумс атганд нь шигдтэл гүн орсон байв. Алганаас нь цус гарч эхэллээ.

“Меви эгч л миний төлөө гэдэг. Гэтэл би Меви эгчийг хэний ч мэдэхгүй харь орон уруу явуулж чадахгүй.” Ина ханхүү ихэд уурсангүй хэллээ. Түүнийг өдий хүртэл Дорж бараа бологч, Меви гүнж хоёр л харж хандаж ирсэн. Эзэн хаан Эймон нууранд хаясан чулуу шиг өөрийн ууган хүү Инаг мартсан байлаа. Тэр ч бүү хэл Ина ханхүү өөрийн төрсөн хаан эцэгтэйгээ хэзээ хамгийн сүүлд ярилцсанаа ч санадаггүй.

Ина ханхүүгийн уурссаныг харсан Дорж бараа бологч энгэрээсээ алчуур гаргаад, Ина ханхүүд барина. “Эзэнтэн минь, та тайвширна уу.  Хилэнгийн ихээр асуудлыг шийддэггүй юм шүү.” Дорж бараа бологч Ина ханхүүгийн алган дахь цусыг арчив.

“Хэрэв би илүү хүчирхэг байсансан бол Меви эгч заавал Хендри хунтайжтай гэрлэх шаардлагаггүй байсан. Миний л муугийнх юм даа.” Ина ханхүү дотроо бодлоо.

Алтан ургын гүнж нарын хувьд харийн ханхүүтэй гэрлэх ердийн хэрэг. Гэхдээ Ина ханхүүгийн хувьд газар дээрх ганц эгчийгээ харийн хүнд өгөөд явуулж чадах хүн биш.

“Эзэнтэн минь, найдлага тасраагүйн хувьд тасраагүй байна шүү.” Дорж бараа бологч тайвнаар хэллээ.

Ина ханхүү ухасхын гэдрэгээ саваад, Дорж бараа бологч уруу цочин харав.

“Та сая найдлага тасраагүй гэсэн үү? Ямар арга байна?” Ина ханхүү яаравчлан асуув.

“Ханхүү минь, та Айшиа улсын ёс заншлыг мэднэ. Эмэгтэйн тэгш насанд буюу 16, эсвэл 18 насанд сүй тавьж, сондгой насанд буюу 19 насанд гэрлүүлдэг. Мөн та Айшиа улсын үндсэн хуулийг мэднэ. Хэрэв Айшиа улсын Алтан ургын удирдлагад Тусгай шидтэн нэмэгдэх аваас Эзэн хаанаас нэг хүсэлт гуйх эрхтэй болдогийг.” Дорж бараа бологч тайлбарлав.

“Тиймээ би мэднэ. Та арай намайг нэг жилийн дотор Тусгай шидтэн болж чадна гэж бодсон уу? Би чинь 15 нас хүрээ ч үгүй байгаа шүү дээ.” Ина ханхүү санаашрав.

“Үгүй дээ ханхүү минь. Гэхдээ ханхүү та Тусгай шидтэн болох магадлалтай Ахисан шидтэн болж болно шүү дээ.” Дорж бараа бологч хэлэв.

“Дорж ахаа, таны сэтгэлийг би ойлгож байна. Гэхдээ Эзэн хааны удирдлагад гуравхан Тусгай шидтэн байдаг. Нэг нь миний нагац ах Сүвиас ерөнхийлөгч, хатан Розагийн ах Цэргийн яамний сайд Стөүн /Stone/, бас Айшиагийн их жанжин Маркус /Marcus/ шүү дээ. Хэрэв бардам хээнцэр Тусгай шидтэнгүүд Эзэн хааны удирдлага дор орох тийм амар байсан бол энэ хууль батлагдахгүй байсан.” Ина ханхүү энэ санааг эрс эсэргүүцэв.

“Эзэнтэн минь. Би таныг хайж үзээгүй хэрнэ яаравчилж хэлэх хэрэггүй гэж бодож байна.” Дорж бараа бологч итгэлтэй аргаггүй хэллээ.

“Тэгэхээр тийм хүн байгаа гэсэн үг үү? Гэхдээ хэн? Ахисан түвшний шидтэнгүүд Цэргийн яам, Шидтэний холбоонд 300 хүрэхгүй байгаа шүү дээ.” Ина ханхүү хэллээ.

“Цэргийн яам, Шидтэний холбоонд 300 хүрэхгүй Ахисан түвшний шидтэн байгаа нь сайд ноёдын эрх хүүхдүүд, авхай нараас өөр хүмүүс сурахаа больсонг харуулж байна. Айшиа улс ямар уудам том билээ. Таныг хааны ордноос гарч хайгаасай хэмээн хүсч байна.” Дорж бараа бологч хэллээ.

“Хааны ордноос гарах аа?” Ина ханхүү гайхав. Учир нь Ина ханхүү 15 жилийн турш Айшиагийн нийслэл Айшиа хотын төв дүүргээс гарч үзэж байгаагүй. 15 жилийн турш хамгийн дээд тансаг амьдралаар л амьдарч, сурч хүмүүжиж ирсэн.

“Айшиа улсад 3000 гаруй шидтэний бүлгэмүүд оршдог. Таныг би ордноос гарч үзэж Тусгай шидтэнг өөрийн харьяалал дор аваасай хэмээн хүсч байна. Учир нь таны харьяат болвол Эзэн хаанаас гүнжийн сүйг цуцлах хүсэлтийг хүсч болно шүү дээ.” Дорж бараа бологч хэллээ.

Ина ханхүүгийн нүд нээгдэх шиг боллоо. Үнэнийг хэлэхэд Ина ханхүү өдий хүртэл Хааны ордноос гарч эрх чөлөөтэй аялахыг хүсдэг байлаа.

“Тэгвэл маргааш Дорж ахаа, ордноос гарцгаая.” Ина ханхүү инээмсэглэн хэллээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s