Айшиагийн ханхүү Ина – 1

Таалагдвал оруулж эхэллээ..
Долоо хоног бүр үнэгүй нэг хэсэг, 8000₮ ивээн тэтгэлэг бүрт нэмэлт нэг хэсэг гэвэл та хэд яаж байна? Энэ Цэлмэгийн өөрийн зохиож буй зохиол байгаа юм.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй
Дараагийн хэсэг

Айшиагийн ханхүү Ина
Хэсэг 1 – Мэви гүнжийн төрсөн өдрийн бэлэг
Айшиа (Aixia) улсын хааны ордонд үүрийн гэгээнээр хөл хөдөлгөөн ихтэй. Ордны бараа бологч, үйлчлэгч, шивэгчин нар бүгд өөрсдийн ажлаа хийн, хааны ордонд хөлөө олохгүй гүйлдэцгээнэ.
Хааны гал тогоонд уур савсан, гучин тогооч амтат өглөөний унд, зоог бэлдэнэ. Эзэн хаан Эймон (Eymon) өөрийн язгууртан ноёд, сайд түшмэдтэй хамт өглөөний зоогоо барьдаг.
Ханхүү Инагийн (Prince Ina) бараа бологч Дорж (Dorj) угаалгын албанаас дөнгөж бэлэн болсон ханхүүгийн алтан хээтэй цагаан өмсгөлийг аваад гал тогоо орно. Дорж европ загварын эрвээхэй зангиа, костюм өмссөн байлаа. Тэрээр хэдэн шивэгчингүүдийг дагуулаад ханхүүгийн өглөөний унднаас амсаж үзээд ханхүүгийн өглөөний зоогийг аван гарлаа.
“Алив түргэл гэм. Ина ханхүү сэрэх нь байна. Сэрэхэд өглөөний зоог бэлэн болоогүй байж болохгүй.” Ханхүүгийн бараа бологч Дорж өөрийг нь дагах шивэгчингүүдэд зандарчина. Шивэгчин бүр өөрийн үүрэгт ажилтай. Тэд өрөөний цэцгийг солих, ханхүүгийн нүүрээ угаах бүлээн устай савыг барих, өглөөний зоогийн шүүсийг аягалах зэрэг ажлыг хийдэг. Харин дунд эргэм насны, үсээ машид цэмцэгэр самнасан Дорж бол Ина ханхүүгийн бараа бологч. Тэрээр тулааны эрдэм, шидийн урлаг зэрэгт гаршсан хүн. Ина ханхүүг төрсөнөөс хойш Дорж түүнийг харж хүмүүжүүлсэн ба цаг ямагт хамт байдаг.
Үүрийн гэгээнээр тэнгэр шатаж буй дөл мэт шаргалтана. Алтан наран мандаж, Айшиа улсын хааны ордны цонхоор гэрэл тусвал өрөө гэрэлтэй болов. Цонхон тус хэсэгт өнгөөр алаглах ваартай цэцгийн баглаа гялалзав. Нарны тусгал торгон хөнжлийн даавуун дээр тусвал очир эрдэнэ гэлтэй гялтганана. Ина ханхүүгийн орон дээр номууд дэлгээстэй хэвтэх ба ханхүү Ина гүн нойрноосоо сэрлээ.
“Эзэнтэн, таны өглөөний зоогийг авчирлаа.” Зандан хаалганы цаанаас бараа бологч Дорж хэлэв.
“Доржоо, ороод ирээ.” Ина ханхүү нойрмогхон хоолойгоор хэлнэ. Удалгүй зандан хаалга нээгдвэл урт хонгил хаалганы цаана харагдана. Нэг гартаа алтан хээтэй өмсгөл барьсан, нөгөө гартаа тэмдэглэлийн дэвтэр барьсан бараа бологч Дорж ороод ирлээ. Түүнийг дагаад шивэгчид өрөөнд орж ирвэл Ина ханхүүг тойрон хувцаслав.
Нүдэлж шарсан өндөг, амтат гуа жимс, жүржийн шүүстэй хөнгөхөн өглөөний зоог Ханхүү Инагийн таалалд нийцдэг. Өглөөний зоогоо барьчихаад ханхүү Ина шивэгчний бэлдсэн усанд нүүр гараа угаалаа. Өглөө бүр шүдээ угаах ханхүү Инагийн шүд сувдан цагаан. Айшиа улсад шүдээ давсаар үрж угаах тансаг хэрэг явдал юм. Энгийн ардууд өдөр бүр шүдээ угааж чаддаггүйгээс эвгүй үнэртдэг.
Нүүр гараа угааж дуусмагц нэг шивэгчин бөхийн ёслоод алчуур өгнө. Нүүрээ дөнгөж арчсан ханхүү Ина мишээн инээвэл түүний саруулхан царай нарны гэрэлд гэрэлтэн царай төгс буюу насан эцэслэсэн их хатны гэгээн дүрийг санагдуулна. Ханхүү Ина энэ жил 15 хүрнэ. Их хатнаас төрсөн ханхүү, гүнж хоёр байдаг ба их хатан Инаг төрүүлэхдээ насан эцэслэсэн. Айшиа улсын эзэн хаан Эймон төрөхдөө эхийнхээ амийг авсан Инаг бусад ханхүү нараас шоовдорлон үзэх нь хааны ордонд цуу болон тараад удаж буй.
“Өнөөдөр ямар хуваарьтай билээ?” Ханхүү Ина инээмсэглэн, намуухнаар бараа бологч Доржоос асуув. “Эрхэмсэг ханхүү минь, өнөөдөр урлагын хичээл, дайны урлагын хичээл, шидийн урлагын хичээл, гардан тулааны хичээлтэй. Түүний дараа өнөөдөр гүнж Мэвигийн төрсөн өдөр учраас ёслолын арга хэмжээтэй. Наран жаргах буюу 19.00 цагаас ёслолын хүлээн авалтанд зочилно. Та төрсөн эгчдээ ямар бэлэг өгөхсөн бол?” Бараа бологч Дорж бөхийн ёслон айлтгалаа.
“Нээрээ, өнөөдөр эгчийн төрсөн өдөр.” Ина ханхүү дотроо шивнэн бодлоо. “Өнөөдөр би ордноос гадагшаа гарч эгчдээ бэлэг сонгомоор байна. Миний гардан тулааны хичээлийг өнөөдөртөө цуцлачих, бас сүйх тэрэг, алтан зооснууд бэлдээрэй.”
Ина ханхүү өдөр бүр шахуу хуваарьтай ажилладаг. Тэрээр их хатнаас төрсөн ханхүү учраас хаан ширээг залгамжлах өндөр магадлалтай. Эзэн хаан Эймоны ханхүү нараас хамгийн том нь Ина ханхүү.
Ина ханхүү уран зураачдын урланд очив. Хааны уран зураачид бүгд бөхийн Ина ханхүүд ёслов. Хааны уран зураачдын ахлагчаас уран зургын хичээл заалгасан Ина ханхүү урлагын мэдрэмж, гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлнэ. Өөрийн уран зургын хичээлээ дуусгаад Ина ханхүү дайны урлагын хичээлдээ орно. Эзэн хааны стратегич 3-р зэрэглэлийн чин ван язгууртан ноёноос авч буй дайны урлагын хичээл түүнд ихэд олон зүйлсийг сургана. Гэхдээ Ина ханхүү хичээл дундаасаа шидийн урлагт хамгаас дуртай.
Шидтэний холбоо бол Айшиа улсын цэргийн гол цөм. Шидэт хаант улсын хувьд бусад хаант улсуудаас цэргийн хүчээрээ ялгагдах гол зүйлс бол шидтэнгүүд. Айшиа улсын өдөр тутмын амьдралд шидийн хүч энгийн хэрэглээ болон нэвтэрсэн. Өглөө пийшингээ галлахаас эхлээд өрөөг сэрүүцүүлэх хүртэл өргөн зориулалтаар шидийн хүчийг ард түмэн эзэмшдэг. Тиймээс ч шидийн хүчийг Айшиа хаант улс эрт цагаас өдийг хүртэл хүндэлж, шидийн хүчээ дээдэлж ирсэн. Шидтэний холбоо бол Эзэн хаан Эймоны Айшиа улсын шидийн тухай аливаа шийдвэр бүрийг гүйцэлдүүлдэг газар. Тиймээс ч хааны ордноос холгүйхэн Шидтэний холбоо Айшиа улсын хааны ордноос дутахгүй сайхан орд харштай.
Алтаар бүрсэн сүйх тэргэндээ Ина ханхүү суун хааны ордноос гарлаа. Айшиа хотын гудамжинд язгууртан ноёд, авхай нар холхилдоно. Гэхдээ алтан хээтэй сүйх тэргийг харсан ноёд, авхай нар бүгдээр алтан ургын сүйх тэрэг гэдгийг мэдэх учир хүндэтгэлтэй аргаггүй мэндчилнэ.
Шидтэний холбооны ерөнхийлөгч Сүвиасын (Suvias) өрөө.
“Шидийн урлагт хамгийн чухал зүйл бол хяналт, шидийн хүч хоёр. Шидийн хүчийг элдэв тан, үрлээр хөгжүүлж болох ч хяналтаа алдсан шидийн хүчнээс болж амиа алдсан хүн цөөнгүй. Хяналтийг зөвхөн шаргуу хичээл зүтгэлээр л олж авдаг.” Айшиа улсын шидтэний холбооны ерөнхийлөгч Сүвиас сургана.
“Багшаа, тэгвэл Шидийн хүчийг хөгжүүлэх дээд цэг гэж бий юу?” Ина ханхүү сониучирхан асууна. Ина ханхүү шидийн урлагын анхан шатны суурийг судалж байгаа. Мэргэжлийн шидтэний хажууд Ина ханхүү нялх ногооноороо буй. Эзэн хаан Эймоны ханхүү нар Айшиа улсын шидтэний холбоонд очин шидийн төрлөө тодорхойлуулахад Ина ханхүүгийн шидийн хандлага Айшиа алтан ургын Мөсөн шувуугийнх байжээ. Ина ханхүүгийн шидийн хандлага, шид сурах авьяас чадвар машид сайн байсан учраас Шидтэний холбооны ерөнхийлөгч Сүвиас өөрийн биеэр Ина ханхүүд хичээл орохыг зөвшөөрсөн. Тиймээс тэр өдрөөс хойш Ина ханхүү шидийн урлагыг Сүвиас багш дээр судалж буй хэрэг энэ юм.
“Шидийн хүчийг хөгжүүлэх дээд цэг ээ? Юу гэж дээ Ина минь. Айшиа улсын тоолол эхлээд 5217 жил өнгөрч байна. Айшиа улсын тоолол эхлэснээс хойш шидийн хүчийг хөгжүүлэх дээд цэг гэдэг зүйл хараахан гарч ирээгүй л байна. Ина хүү минь, чиний өвөг дээдэс Айшиа овогтнууд түүхэндээ хамгийн хүчирхэг шидтэнгүүд байсан учраас энэ улсыг нэгтгэн шидийн гэж нэрлэгдэх улсыг бий болгосон. Түүнээс хойш шидтэнгүүдийг одоо Сурагч шидтэн, Анхан шатны шидтэн, Дундаж шидтэн, Ахисан шидтэн, Тусгай шидтэн гэж хуваадаг. Шидийн хүч 10 хүрвэл сурагч шидтэн, 100 хүрвэл анхан шидтэн, 1000 хүрвэл дундаж шидтэн, 10000 хүрвэл ахисан шидтэн, 100000 хүрвэл Тусгай шидтэн гэж хэлж болно. Хэрвээ шидийн хүч 1 сая хүрэх юм бол түүнээс дээш зэрэглэлийн шидтэний төрлийг бас үүсгэж болно. Түүнтэй адилаар шаардах шидийн хүчнээс хамаараад шидийг 10 зэрэглэлд хуваадаг. 1-р зэрэглэлийн шидийг ашигласан Тусгай шидтэн бүхэл бүтэн 1 сая хүнтэй армийг ч сөнөөх хүч чадалтай. Харин 10-р зэрэглэлийн шидийг ард иргэд маань өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байна.” Сүвиас багш намуухнаар цагаан сахлаа илбээд хэлнэ.
“Ина хүү минь. Өнөөдрөөс эхлээд чи энэ шидийн хээн бичээсийг өдөр бүр судлана шүү” Сүвиас ерөнхийлөгч цэнхэр дээлхийхаа ханцуйнаас нэг ном гарган хэллээ. “Шидэт хээн бичээс бол шидийн хяналтыг хялбаршуулсан бичээс. Зарим нэгэн ээдрээтэй шидийг дан өөрийн бодлоороо хянах Тусгай шидтэнгүүдэд хүртэл боломжгүй. Тиймээс эхлээд шидийн хээ, дараачаар шидэт тарни гэж зүйл гарсан.” Сүвиас ерөнхийлөгч Ина ханхүүг харах тоолондоо түүний хайр хүрдэг байлаа. Учир нь Шидтэний холбооны академид алтан ургийн Айшиа овгийн цусан дахь шидийн хүчний хэмжээтэй эн тэнцэхүйц маш цөөхөн сурагчид сурдаг. Шидтэний холбоонд ихэвчлэн биеэ тоосон язгууртан айлын эрх хүүхдүүд сурдаг, эсвэл маш өндөр ур чадвартай харц гаралтай хүүхдүүд сурдаг. Сүвиас ерөнхийлөгч ур чадварыг машид эрхэмлэдэг хэдий ч өөрийнхөө зэрэг зиндаагаа бодвол харц гаралтай сурагчдийг өөрийн шавиа болгон авах зохимжгүй. Гэтэл нэг л өдөр Айшиа овогт алтан ургийн Ина ханхүү гараад ирснээс хойш Сүвиас ерөнхийлөгч Инаг өөрийн шавиа болгохыг хүсч түүний шавиа болгохыг хүлээн зөвшөөрсөн. Ина ханхүү ч гэсэн Шидийн урлагт машид хайртай учраас Сүвиас ерөнхийлөгчийг ихэд хүндлэн, албат ноёны харилцааг умартсан хэрэг.
“Мэдлээ багшаа.” Ина ханхүү эелдэгээр инээмсэглээд багшийнхаа өгсөн номыг авлаа. Ногоон өнгийн хавтастай тэрхүү номон дотор олон төрлийн шидийн хээ, түүний тайлбарууд байв.
* * *
“Эзэнтэн минь, таны өнөөдрийн хичээл ямар байв?” Шидийн урлагын хичээлээ тараад Ина ханхүү Сүвиас ерөнхийлөгчийн өрөөнөөс гарч ирвэл Дорж бараа бологч асууна.
“Дорж ахаа, угийн би шидийн урлагт машид дуртайг та мэднэ шүү дээ. Одоо харин сургуулилалт дууссан учраас Бастион орьё.” Ина ханхүү инээмсэглэн хэллээ.
“Бастион дуудлага худалдааны газар уу?” Бараа бологч Доржлавлан асууна.
“Тиймээ. Бастион дуудлага худалдааны газар.” Ина ханхүү мишээв.
Бастион дуудлага худалдааны газар бол Айшиа хотын хамгийн өндөр зэрэглэлийн хүмүүс очдог тансаг дуудлага худалдаа явуулдаг газар. Бастионд ирж буй хүн бүхэн язгуур угсааны хүмүүс, эсвэл өндөр татвар төлдөг баячууд байдаг.
“Эзэнтэн минь, Бастион орох ямар шаардлагатай билээ? Та өдийг хүртэл намайг Бастион орохуу гэж асуухад татгалзсан шүү дээ.” Бараа бологч Дорж хөмсгөө зангидан, гайхшрангуй хэллээ.
“Өнөөдөр Меви эгчийн төрсөн өдөр гэсэн шүү дээ. Эгчдээ би хамгаас тансаг, хамгаас сайхан бэлэг өгөхгүй бол надаас өөр хэн тийм бэлэг өгөх билээ?” Ина ханхүү хэллээ.
“Аан. Меви гүнжийн төрсөн өдрийн бэлгийг авах гэж байгаа юм байна.” Дорж бараа бологч дотроо шивнэн ойлголоо. “Эзэнтэн минь, та сүйх тэргэндээ сууна уу. Удахгүй бид Бастион орно.”
“Бастион дуудлага худалдааны газар уруу хөдлөөрэй.” Дорж бараа бологч сүйх тэрэг хөлөглөгчид хэлнэ.
Хотын гудамжыг инээмсэглэн харах Ина ханхүүгийн нүдэнд аз жаргалтай ноёд, авхай нар л харагдана. Айшиа хотын төвд нэг ч гуйлгачин, нэг ч ядуу хүн амьдардаггүй бололтой.
* * *
Урт хивс зассан, тансаг гэрлийн бүрхүүл, уран зургын галлерэй юу? Гэмээр хана бүрийг уран зураг, уран барималаар чимсэн тансаг хөгжим сонсдох Бастион дуудлага худалдааны газар. Энд өдөр бүр дуудлага худалдаа явагдах ба бэл бэнчинтэй хүмүүсийн өрсөлддөг тулааны талбар бол энэ. Бастионы гадаа уртаа сүйх тэргийн цуваа үүссэн ба эхнэрээ эсвэл охиноо хөтлөн сүйх тэргээс буух ноёдын цуваа үүсэв.
“Эрхэмсэг гүн Феликс (Felix) болон гүнгийн авхай Адриан (Adrian) морилон ирлээ.”
“Сүр жавхаат, цог золбоот эрхэмсэг ханхүү Ина морилон ирлээ.” Сүйх тэргээсээ инээмсэглэн гарах ханхүү Ина хэдийгээр ердөө арван таван настай ч гэсэн өндөр царайлаг учир язгуур угсаат бүсгүйчүүд түүнд харц унагана. Ина ханхүүг морилон ирвэл ноёдууд, баячуул бүгд хоёр тал тийш зам тавин, бөхийн ёслов.
“Доржоо, алив орцгооё.” Ина ханхүү цэх зогсон Бастион уруу бараа бологч Доржийг дагуулан орлоо.
Бастион дуудлага худалдааны танхим дотроос Бастионы эрхлэгч Фүлберт (Fulbert) Ина ханхүүг угтан авна.
“Эзэнтэн минь, би таньд юугаар туслахсан бол?” Фүлберт эрхлэгч бөхийн ёслов.
“Өнөөдрийн дуудлага худалдаанд манай эзэнтэн оролцоно.” Дорж бараа бологч хэлэв.
“Эзэнтэн минь, намайг дагаад явна уу.” Фүлберт эрхлэгч Ина ханхүүд бараа болон Бастион дуудлага худалдааны газар орлоо.
Бастионы дуудлага худалдааны их танхимд хоёрдугаар давхарт шилэн өрөөний дотор Ина ханхүү ороод суулаа. Тэрээр хөлөө ачиж суувал нэг дарс, хоёр хундага барьсан үйлчлэгч ирнэ.
“Эзэнтэн минь, та дарс уух уу? Манай Бастионы зүгээс таньд өөрөөр яаж үйлчлэхсэн бол?” Фүлберт ерөнхийлөгч асууна.
“Алтан ургын надад өнөөдөр дуудлага худалдаанд зарагдах эд хогшлуудын мэдээллийг өг.” Ина ханхүү хундага дарсыг аван хэллээ.
Фүлберт ерөнхийлөгч гүнээ хүндэтгэл илэрхийлэн ёслоод өрөөнөөс гарч өнөөдөр юу зарагдах жагсаалтыг авчираад гараад хүндэтгэлтэйгээр бөхийн ёслоод гарч явлаа.
“Ина ханхүү минь, эхлээд би дарсыг шалгаадахья.” Дорж бараа бологч Ина ханхүүгийн өмнө ёслоод өөрийн хундагатай дарснаас амсав. Энэ хооронд Ина ханхүү жагсаалтыг нээж үзэн өнөөдөр зарагдах юмсыг уншина.
Бастион дуудлага худалдаа
Алтан луугийн зүрх эхлэх үнэ 100.000 алтан зоос
Мөст чулуун зүүлт эхлэх үнэ 300.000 алтан зоос
Галт шувуун титэм эхлэх үнэ 250.000 алтан зоос
* * *
Тусгай бараа – Игдрэсилийн (Yggdrassil) бугуйвч. эхлэх үнэ 5.000.000 алтан зоос
“Дорж ахаа энэ Игдрэсилийн бугуйвч гэж байх юм. Энэ ямар учиртай юм бэ?” Ина ханхүү Дорж бараа бологчоос асуулаа.
Хундага дарсыг хортой эсэхийг одоо хүртэл төрөл бүрийн аргаар шалгаж, үнэрлэж, амталж үзэж буй Дорж бараа бологч гэнэт ухаан ороод. “Өө, эзэнтэн минь. Та сая Игдрэсил гэж хэлсэн үү?”
“Тиймээ. Энэ Бастионы дуудлага худалдааны тусгай бараанд Игдрэсилийн бугуйвч зарж байгаа юм байна.” Ина ханхүү Дорж бараа бологчд тайлбарлан өгөв.
“Мөхөс миний санаж буйгаар Игдрэсил бол Элфийн хаант улсын эзэн хааны ордонд байрладаг мод. Хэдэн зуун метр өндөр, хэдэн арван метр өргөн тэр мод ямар ч хорыг, ямар ч хараалыг зайлуулж чаддаг гэж сонссон юм байна. Хэрэв Бастионд Игдрэсилийн бугуйвч зарвал энэ баталгаатай гэсэн үг. Игдрэсилийн бугуйвчийг Меви гүнжид бэлэглэвэл хамгийн чамин тансаг бэлэг болно доо.” Дорж бараа бологч бодлогоширон хэллээ.
“Игдрэсилийн бугуйвч…” Ина ханхүү шивнэв.
Дуудлага худалдаа эхэллээ. Нэгдүгээр давхарт тойрон сууцгаах ноёд, баячууд тухлан сууж, Фүлберт эрхлэгчийн гаргаж ирсэн бүтээлгээр хучаастай 15 бараа бүрийг сонжин харж хоорондоо ярилцацгаана.
Фүлберт эрхлэгч өндөр дуугаар “Эрхэм ноёд, авхай нараа. Өнөөдрийн Бастионы дуудлага худалдаа ийнхүү эхэлснийг мэдэгдэе. Өнөөдрийн Бастионы дуудлага худалдаанаар 14 бараа. 1 тусгай бараа дуудлага худалдаалагдана.”
Гэнэт тайз уруу хагас нүцгэн гэмээр тачаангуй үзэсгэлэнт эмэгтэй гарч ирвэл 15 сөхөөстэй барааны нэг уруу гэрэл тусна. Фүлберт эрхлэгч эхний сөхөөстэй бараа уруу дөхөн очлоо.
“Алтан луугийн зүрх! Алхимич нарт үрлэн тан боловсруулахад тун ч хэрэгтэй орц найрлага. Алтан луугийн зүрхийг дангаар залгисан ч цэрэг дайчдад цуцашгүй эрч хүчийг өгөх болно. Айшиа улсын хамгийн аймшигтай Харанхуйн ойгоос авчирсан Алтан луугийн зүрхийн эхлэх үнэ 100.000 алтан зоос!” Фүлберт эрхлэгч дуудлага худалдааг эрхлэн явуулна. Харин хагас нүцгэн гэмээр, тачаангуй биетэй эмэгтэй бүтээлгийг сөхвөл мөсөн дотор цохилох хонь лугаа том алтлаг өнгийн зүрх гараад ирэв.
Алтан луугийн зүрхний хучаас сөхөгдмөгц баячууд даруй үнээ хаяна.
“150.000 алтан зоос.”
“160.000 алтан зоос.”
. . .
“560.000 алтан зоос, нэг.”
“560.000 алтан зоос, хоёр.”
“560.000 алтан зоос, гурав!”
“560.000 алтан зоосоор Алхимийн холбооны нарийн бичгийн дарга, 2-р зэрэглэлийн чин ван Фридрих Алтан луугийн зүрхийг авлаа.” Эрхлэгч Фүлберт модон алхаар цохив.
* * *
Бастионы танхимд 14 бараа үнэ хаялцагдан зарагдах хооронд Ина ханхүү нэг ч удаа үнэ хаясангүй. Учир нь тэрээр Игдрэсилийн бугуйвчийг Меви эгчийн 18 насны төрсөн өдрөөр бэлэг болгон өгөхөөр шийдсэн.
“Эрхэм ноёдоо, эрхэм хатагтай нараа өнөөдөр Бастионы сүүлийн бөгөөд тусгай барааг танилцуулахад бэлэн болсон байна. Алс холын Элфийн нутгаас ирсэн Игдрэсилийн модоор урласан, хорыг эм болгож, усыг рашаан болгох шидэт увдистай Игдрэсилийн бугуйвчийг танилцуулахад бэлэн боллоо.” Фүлберт эрхлэгч хэлмэгц хагас нүцгэн гэмээр тачаангүй бүсгүй Игдрэсилийн бүтээлгийг сөхөв.
“Игдрэсилийн бугуйвчийн эхлэх үнэ 5.000.000 алтан зоос.” Фүлберт эрхлэгч өндөр дуунаар тод томруунаар хэллээ.
5.000.000 алтан зоос бол Айшиа хотод сайхан харш худалдан авах их хэмжээний мөнгө. Ина ханхүү хэдийгээр алтан ургийн эрхэм дээдэс хэдий ч Сангийн яамнаас жил бүр ердөө 1.000.000 алтан зоос авдаг. Ина ханхүү төрснөөсөө хойш нэг ч удаа Сангийн яамнаас авсан мөнгөө үрж байгаагүй. Харин энэ удаа Ина ханхүү өөрийн төрсөн эгчдээ хамгаас тансаг бэлэг авахыг хүссэн учраас хэдэн ч алтан зоос зориулахад бэлэн байв. Мэдээж Ина ханхүү өөрийн эд хөрөнгөө шидэт болор картаар Айшиа улсын Алтан банкинд хадгалуулдаг. 15 жилийн хүүг бодоод болор картан дахь мөнгөн дүнг үзвэл Ина ханхүүд 65 сая алтан зоосний эд хөрөнгө бий.
“6.000.000 алтан зоос.” Ина ханхүү тайзаа өргөнө. Бүхэл дуудлага худалдааны туршид хоёрдугаар давхраас нэг ч үнэ ирээгүй атал гэнэт хоёрдугаар давхраас үнэ хаялцахыг сонссон баячуул, ноёд эргэн, дээшээ харна. Дээшээ харвал алтан өнгийн хээтэй, цагаан өнгийн өмсгөл өмссөн залуухан хөвгүүн ихэмсэгээр сууна. Түүний хажууд костюм өмссөн, эрвээхэй зангиа зүүсэн, дарсны хортой эсэхийг одоо хүртэл шалгаж буй дунд эргэм насны Дорж бараа бологч зогсож байлаа.
“6.000.000 алтан зоос. Эрхэм дээдэс Ина ханхүү үнэ хаяв.” Фүлберт эрхлэгч чангаар хэлэв. Эрхэм дээдэс Ина ханхүүгийн алдрыг сонссон ноёд, баячуулын залуу авхай нарын нүд нь гялалзаж эргэж харан хоёрдугаар давхарт харцаа чиглүүлнэ.
“10 сая алтан зоос.” Нэгдүгээр давхраас эрэгтэй хүн тайзаа өргөв.
Зарим хүмүүс хэн аймшиггүй ханхүүгийн өмнө үнэ хаяж байгааг гайхан харлаа. Бүдүүн, урт шаргал үстэй тансаг хээнцэр дунд насны хүн байв.
“10 сая алтан зоос. Роланд /Roland/ худалдааны нэгдлийн эзэн Теодр Роланд /Theodore Roland/ үнээ хаялаа” Фүлберт эрхлэгчийн дуу хангинана. Фүлберт эрхлэгчийн хувьд Бастион дуудлага худалдаанд ирсэн язгууртан ноёд, баячуулын овог нэрийг андахгүй.
10 сая алтан зоосийг сонссон Ина ханхүүгийн омог бадран “12 сая алтан зоос.” Гэж тайзаа өргөв.
“12 сая алтан зоос. Эрхэм дээдэс Ина ханхүү.” Фүлберт эрхлэгч хэлж дуусаагүй байтал.
“13 сая алтан зоос.” Теодр Роланд тайзаа өргөв.
“13 сая алта~” Фүлберт эрхлэгч мөн хэлж амжаагүй байхад.
“15 сая алтан зоос.” Ина ханхүү тайзаа өргөв.
“15 сая алтан зоос.” Фүлберт эрхлэгчийн нүд орой дээрээ гаран хэллээ. Учир нь Игдрэсилийн эхлэсэн үнэ 5.000.000 алтан зоос. Дуудлага худалдаанд ихэвчлэн бараа эхлэсэн үнээсээ 2-3 дахин өндөр үнээр зарагддаг. Гэтэл Игдрэсилийн бугуйвч гарч ирсэнээсээ хойш хором ч өнгөрөөгүй байтал 3 дахин өндөр үнэ хүрлээ.
“Эзэнтэн минь. Та нэг тунгааж үзнэ үү. 15 сая алтан зоос гэдэг таны 15 жилийн тэтгэмж шүү дээ. Роланд худалдааны нэгдэл Айшиа улсын томоосоо хоёр дахь худалдааны нэгдэл. Өдөртөө хэдэн зуун сая алтан зоос олдог худадааны нэгдэл” Дорж бараа бологч сануулан хэлнэ.
Ина ханхүү энгэрээсээ алтан хошуутай ган үзэг гаргаж ирээд элгэн цаасан дээр бараа бологч бичин Дорж бараа бологчд өглөө.
“Дорж ахаа, та энэ захиаг Теодр Роландад хүргээд өгөөч. Өнөөдөр би Меви эгчид энэ бугуйвчийг өгөхдөө л нэг өгнө.” Ина ханхүү Доржид захиагаа өгвөл түүний нүдэнд цог золбоо бадран айсуй.
“Таны зарлигийг ёсоор болгоё эрхэм дээдсээ.” Дорж бараа бологч бөхийн ёслоод забараа бологчг аван доод давхар уруу бушуу гүйнэ.
“15 сая, 1 алтан зоос.” Ина ханхүү тайзаа өргөв.
“15 сая, 1 алтан зоос. Эрхэм дээдэс Ина ханхүү үнэ хэллээ.” Фүлберт эрхлэгч Ина ханхүүгийн ганц алтан зоосоор үнэ нэмсэнийг үзээд ихэд гайхлаа. Өндөр эрхэм дээдэс яаж ганц зоосоор илүүрхэн барааг авах билээ.
15 сая алтан зоосны үнийг сонссон баяд ноёчуудын дуу цаашаа оров. Хэн өдөр бүр 15 сая алтан зоосийг гаргаад ирж чадах билээ? Өнөөдөр Бастион дуудлага худалдааны газар ирсэн хамгийн баян хоёр хүн бол Ина ханхүү болоод Роланд эзэн.
“15 сая 1 алтан зоос. НЭГ.” Фүлберт эрхлэгч эцсийн үнийг дуудаж эхлэв.
Дорж бараа бологчгийн авчирсан Ина ханхүүгийн захиа Теодр Роланд уншиж дуусаад нүд нь сүүмийв.
“5 сая 1 алтан зоос. Хоёр.” Фүлберт эрхлэгч дахин чангаар дуудав. Бастион танхимд суух бүх ноёд Роланд худалдааны нэгдлийн эзэн Теодр Роланд уруу харвал Теодр Роланд нүд нь сүүмийсэн, их л айдастай харагдана. Теодр Роланд дурын үнээ хэлээд Игдрэсилийн бугуйвчийг авах бэл бэнчинтэй эр. Гэтэл тэр яагаад бугуйвчийг авахгүй бйана?
“15 сая 1 алтан зоос. Гурав.”
Бастионы танхимд суух бүх ноёд ихэд гайхав, тэд бүгдээр Теодр Роланд уруу гайхшран харна. “Теодр Роланд албаар Игдрэсилийн үнийг ханхүү Инагийн өмнө хөөрөгдүүлээд хаячихлаа шүү дээ, ямар хорон санаатай юм бэ?”
“Ина ханхүүг туршлагаггүй болхоор Теодр Роланд өндөр үнээр Игдрэсилийн бугуйвчийг ханхүүг худалдан авахаас өөр аргаггүй болгочихлоо.” Олон төрлийн шивнэлдээн гарав.
Хэдийгээр Игдрэсилийн бугуйвчийг худалдаалахад дөнгөж сая ганцхан хором өнгөрсөн ч Фүлберт эрхлэгчийн энэ үнийг дуудах мөч нэг жил лугаа урт санагдав. Зарим залуу авхай нар хоёрдугаар давхар уруу харвал залуухан ханхүү өөртөө тун ч итгэлтэй инээмсэглэн сууна.
Эцэст нь Фүлберт эрхлэгчийн хоолой цуурайтна. “Эрхэм дээдэс сүр жавхаат Ина ханхүү Игдрэсилийн бугуйвчийг авч чадлаа. Баяр хүргэе!!” Гэхдээ одоо л Фүлберт эрхлэгч болсон учир явдлыг ойлголоо.
Теодр Роланд хэдийгээр бэл бэнчинтэй баян хүн хэдий ч Ина ханхүүд нүүр өгөх ёстой. Ханхүү Ина бол хаан сэнтийд ирээдүйд өрсөлдөх хүчтэй нэгэн. Хэрэв Роланд худалдааны нэгдэл одоо ханхүү Инатай ойр дотны холбоог үүсгэх аваас ирээдүйд Айшиа улсын хоёрдугаар худалдааны нэгдэл бус тэргүүн худалдааны нэгдэл болох нигууртай. Харин эсрэгээрээ Теодр үнэ дахин хаясан бол Ина ханхүү ямар нэгэн аргаар Игдрэсилийн бугуйвчийг Теодроос булааж авах л байсан. Теодр Роланд нэгэн өглөө амьгүй сэрэх аваас Ина ханхүүг мөрдөж чадах цагдаа гэж үгүй.
“Өнөөдрийн Бастионы дуудлага худалдаа ийнхүү өндөрлөлөө. Хуран цугласан ноёд авхай нарыг Бастионы зоогийн танхимд хүндэтгэлийн зоог барина уу хэмээн Фүлберт миний бие урьж байна.” Фүлберт бөхийн ёслоод тайзнаас буулаа.
Өнөөдөр хуран цугласан баяд ноёд бүгд нүдээ баясгав. Дуудлага худалдаанаас бараа авсан хүмүүст баяр хүргэн хүндэтгэлийн зоогийн танхимд орно. Бастион дуудлага худалдааны газарт хүмүүс цуглан ирдэг нэг гол шалтгаан бол дуудлага худалдаа бүрийн дараа хүндэтгэлийн зоог барьдагт оршдог. Энд ноёд, баячууд ажил хэрэг ярилцах ихээхэн дуртай.
Дорж бараа бологч амьсгаадан хоёрдугаар давхарт гарч ирээд Ина ханхүүд ёслон хэлнэ. “Эзэнтэн минь, та Роланд ноёнтонд юун захиа өгсөнийг асууж болохсон болвуу?” Дорж захиан дотор юу бичээстэйг уншаагүй учраас ихээхэн сониучирхаж байв.
“Аан, би өнөөдөр Меви эгчийн төрсөн өдөрт Роланд ноёнтонг миний хажууд суухийг урьсан юм. Мөн дахин үнэ хаяхгүй байхыг би түүнд сануулсан. Хэрэв дахин үнэ хаях юм бол намайг хаан ширээг залгамжилсан өдөр дахин Роланд гэдэг нэртэй нэг ч пүүс Айшиа улсад үлдэхгүйг би түүнд сануулсан. ” Ина ханхүү хэлнэ.
“Эзэнтэний хажууд суух ий? Бас Роланд худалдааны пүүсийг хаана гэж та сүрдүүлсэн юмуу?” Дорж бараа бологч гайхшрангуй асуулаа.
“Төрийн ёслолуудад миний хажууд алтан ургийн хүмүүс, эсвэл өндөр зэрэгт чин ван нар суудаг. Харин Роланд ноёнтонг Меви эгчийн төрсөн өдөрт урин хажуудаа суухийг урьсан нь хоёр учиртай. Нэгт миний хажууд сууснаар олон ноёдын өмнө нэр нүүр олно. Хэдий бэл бэнчинтэй байлаа ч мөнгөөр нэр нүүр олох амаргүй. Хоёрдугаарт Роланд миний хажууд сууснаар надтай дотносох боломжтой. Би түүнийг сүрдүүлсэн нь мэдээж хэрэг өөрийнхөө сүр хүчийг харуулах гэсэн төдий. Роланд худалдааны пүүсийн эзэн учраас тэрээр наймаачин хүн. Теодр хэрвээ Мэви эгчийн төрсөн өдөрт миний хажууд суух ямар боломж бололцоо авчрахыг бодож үнэ хаяхаа зогсоох аваас ямар тэнүүн сэтгэлтэйг илэрхийлнэ.”
“Игдрэсилийн бугуйвчаас татгалзаад ирээдүйн эзэн хаанд нэр дэвших ханхүүтэй дотно харилцаатай болно гэдэг бол худалдаачин Роландад ашигтай.” Ина ханхүү бүх учрийг Дорж бараа бологчид тайлбарлав. Ина ханхүүгийн ухаалаг үгсийг сонссон Доржийн нүдэнд баясал тодорлоо. Хэрэв Ина ханхүү Теодр Роландтай мөнгө бэлчингээрээ өрсөлдсөн бол Ина ханхүүд ихээхэн хохиролтой.
“Эзэнтэн минь, та одоо хүндэтгэлийн зоогонд морилохсон болвуу?” Дорж бараа бологч эзнээсээ асууна.
“Бастионд ирсэн миний хэрэг бүтлээ. Одоо харин ордон уруугаа буцья.” Ина ханхүү хэлнэ.
Бастион дуудлага худалдааны хүндэтгэлийн зоогонд олон авхай нар хоёрдугаар давхраас бууж ирэх ханхүүг хүлээж, үс гэзэг, нүүр царайгаа янзалсан боловч ханхүү ирсэнгүй. Залуу авхай нараас гадна олон вангууд, тайж нар, гүнтэнгүүд ханхүүтэй дотносох үгээ бэлдэж байв. Хүндэтгэлийн зоогийн өрөөнд ганц гэхдээ Роланд худалдааны төвийн эзэн Теодр Роланд сэтгэл ханасан сууна. Тэрээр хүчирхэг, шийдэмгий, мөн зальжин Ина ханхүүтэй өнөөдөр Мэви гүнжийн төрсөн өдрийн хажууд суухаар болсон.
Ханхүү Ина Фүлберт эрхлэгчид өөрийн Алтан банкны шидэт болор картаа өгөн уншуулснаар 5 сая 1 алтан зоос Бастион уруу шилжлээ. Нэгэнт алтан зооснууд шилжсэн учраас Игдрэсилийн бугуйвч бүхий хайрцгийг Фүлберт эрхлэгч Ина ханхүүд бөхийн ёслон гардуулж өгөв.
Бор жижигхэн хайрцгийг нээж үзвэл энгийн бор өнгийн модон бугуйвч харагдана. Гэхдээ бугуйвчийн дотор Элфийн хаант улсын хэлээр “Элфийн хаант улсад Игдрэсилийн модоор хийв” гэж бичээстэй. Гаднаа энгийн харагдах авч ямар үнэлэшгүй эд гэдгийг эд мэдэх хүн л танина.
“Фүлберт эрхлэгч танд талархснаа илэрхийлье.” Ина ханхүү гараа даллан салах ёс гүйцэтгэв.
Айшиа алтан ургийн тэмдэгт алтан хээт цагаан сүйх тэргэндээ Ина ханхүү залран хааны ордон орлоо.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s