Тэнгэр газрын заагт [1.2]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Нэгдүгээр ном – Тэнгэр газрын заагт

Нэгдүгээр хэсэг – Эх үрийн холбоо [2]

Энэ хаалга ээж уруу нь хүргэх хаалга мэт Баярт санагдлаа. Баяр хаалганы цаана яг ээж нь байгаа эсэхийг мэдэхгүй ч зориг гарган зөв сониндоо хөтлөгдөөд, тэр ертөнцөд хөл тавин орсноор бүх зүйл гэрэлтэй болов. Шинэхэн өдөр угтсан шинэ хот Баярын өмнө налайх нь энэ.

Эртний европ загварын шувуун нуруун дээвэртэй чулуун барилгууд, ягаан гэмээр өнгийн зам харагдлаа. Шинэхэн хотын эргэн тойрон сайхан ч юмуу гэсэн бодол Баярт төрөхөөс өмнөхөн Баярын өмнө амьдралдаа үнэрлэж байгаагүй хамгаас аймшигтай муухай өмхий үнэр хамар цоргиулна. Энэ юун үнэр бэ? гэж Баяр дотроо бодохын завдалгүй харцанд нь хүний нүүрний хэсэгт л байдаг нүд, хамар, чих тэр ч байтугай хүний амтай гудамж талбай, мөн хүний хэлээр хийсэн мэт зөөлхөн зам гудамж талбай тусав.

“Юууууу~? Байшин яагаад нүдтэй байгаа юм бэ? Бас зам алхахаар зөөлхөн байгаад байна? Байж байгаарай энэ хүний хэл байна шүү дээ!” Баяр уулга алдан, айх эсвэл гайхахаа үл мэдэн цочирдлоо. Мэдээж Баярын хувьд энэ бол зүүд. Гэхдээ үнэхээр үнэмшилтэй зүүд байна шүү. Хэрэв энэ жинхэнэ бодит байдал байсан бол Баяр үнэндээ айгаад зугтах байсан биз.

Өмхийрч ялзарсан махны үнэр ханхалсан тэрхүү гудамжинд хүмүүс холхилдох ажээ. Зарим хүмүүс хуучин социалист загварын хувцас өмссөн байв. Гэвч дийлэнхи хүмүүс эртний феодалийн үеийн хувцастай байх ажээ.

Хотын захаас хотын төврүү алхах жаалхүү хүн бүрийг ажина. “Энэ хүмүүсийн дунд ээж байгаа юм болвуу? Энэ хүмүүс бүгд уйтгар гунигтай байна. Ээж ч гэсэн аав эгч бид гуравгүй гунигтай байгаа юм байхдаа…” гэж Баяр гайхан, балчирхан оюундаа олон зүйлсийг тунгаан алхана. Дөрөвхөн настай хүү яг л аврага үлэмж биетнүүдийн дунд орсон мэт жижигхэн биетэй тул зөвхөн эгц дээшээ харан байж хүмүүсийн царайг харж байлаа. Хүүгийн нүдэнд зөрөн өнгөрөх олон хүн харагдавч энэ хүмүүсийн дунд хайртай ээж нь байхгүй ажээ.

Баяр яагаад энэ хүмүүсийн нүдэнд гуниг харуусал тодрон дүүрсэн нь хачирхалтай санагдаж байв. Харууслын утаа сүүмийлзүүлэх унтарч мөхсөн, дөлгүй харцууд хотоор нэг дүүрэн. Хүү нүдээ аниад, гүнзгий аваад дээшээ толгойгоо гижийлгэн орчин тойрноо мэдрэхийг хүслээ. Нарны дулаан илч хүүгийн нүүрэнд тусч, ялзарсан өмхий махны үнэх ханхалж, хөлд маш зөөлөн хийлсэн талбай дээр гишгэж байгаа мэт санагдана. Энэ газрын цаг агаар маш дулаан чийглэг байх бөгөөд хүү нүдээ нээхэд тэнгэр хөх биш улаан, үүлс нь цагаан биш хар байх юм. Хаана ирснээ мэдэхгүй Баяр ээжийгээ энэ газраас олохгүйгээ гадарлаж буцах гэж эргэж харах мөчид түүний сэтгэлд гүнээс гүн, дотноос дотно хоногшон дулаахан уянгалаг хоолойгоор “Баяраа миний хүү!” гэж дуудах сонсогдоно.

Эргээд хартал Баярын ээж үр зулзагаа үхэлд алдаад дахин амилсныг нь харж байгаа хүн шиг баярлан мишээж буй. Баярын ээж бол тунгалаг бор нүдтэй, бор үстэй, туранхай, өндөр, нүдэнд дулаахан эмэгтэй юм. Баярын ээж үрээ тосон тэврэх гэж доош суун, гараа тэнийлгэв. Харин хүү хайгаад олдохгүй байсан ээжрүүгээ бушуухан гүйн очиод тэврэн авахад өөрийн эрхгүй Баярын нүдэнд аз жаргалын оч дүрэлзэх нь энэ. Олон сар ээжтэйгээ уулзаагүй авч ээжийнх сайхан үнэр нь яг л хэвээрээ байх ажээ.

Ээж хүү хоёулангийн нүдэнд аз жаргалын оч бадарч инээмсэглэн баярлана. Энэ мэдрэмж бол хамгаас сайхан аз жаргалын амт юм.

“Миний хүү энд юу хийж байгаа юм бэ” гэж Баярын ээж нүдээ том болгон сониучирхан хүүгээсээ асууна.

“Таныг олчихлоо шүү” гэнэн цайлган хүүгийн баяртай аргаггүй хоолойгоор Баяр хэлэхэд Баярын ээжийн нүдэнд аз жаргалын нулимс цийлэгнэн харцнаас очир эрдэнэс мэт бөмбөрөн унана.

“Ээжээ та яагаад ийм хол явсан юм бэ? Та хүүхдүүддээ хайргүй юмуу?” Баяр уурсангуй асуулаа.

“Юу гэж дээ миний хүү, ээж нь яалаа гэж та хоёртоо дургүй болох юм бэ?” гэж Сарантуяа хэлэхдээ хоолой нь чичрэх мэт болжээ. Яг тэр мөчид ээжийнх нь халуун нулимс хүүгийн цамцанд дусан норгох нь энэ. Нүдэнд дулаахан, сайхан ээжийнхээ гуниг шингэсэн энэ нулимсыг харвал хүүгийн зүрх урагдах шиг хачин болов.

Баярын хөмсөг атиран ирээд “Ээжээ та битгий уйлаа. Таныг одоо олсон учраас дахиж төөрөхгүй!” ээждээ ууртай аргаггүй хэллээ.

Эх үр хоёр тэврэлдэж, бие биенээ санагалзсан сэтгэлээ дарав. Эргэн тойронд гудамжинд алхаж буй хүмүүс эх үр хоёрыг гайхан харж өнгөрцгөөнө. Олон хүмүүс ээж хүү хоёрыг дахин уулзсаныг хараад өөрийн эрхгүй мишээцгээнэ. Гэсэн ч нүднүүдэд нь хүйтэн, харууслын нэг очнууд байсан хэвээр. Үхсэн хүмүүс яаж таньдаг бүх хүмүүсээ Дэлхийд үлдээгээд энд амирлангуй байх билээ? Төрөл садан, хайрт хүмүүсээ Сарантуяа шиг мэдээж саналгүй яахав. Гудамжинд ээж хүү хоёрыг тойрсон сүнснүүдэд атаархах, баярлах, энэрэх олон цогц мэдрэмж төрнө.

Удалгүй Баярын ээж хүүгийнхээ гарнаас хөтлөн инээмсэглэсэн чигээрээ хэллээ.

“Миний хүү ээжийнхээ амьдарч байгаа газар очье, ээж нь хүүдээ амттай зүйл хийж өгөхүү?”

“Гоё доо, ээжээ та ёстой амттай хоол хийдэг. Аав дандаа хоолоо түлчихээд байдаг юм.” танан цагаан шүдээ ярзайлган Баяр хүү хариулав.

“Аав нь хоол хийхдээ муу байсан одоо ч муу хэвээрээ байгаа юм уу?” гэж Сарантуяа шоолонгуй инээгээд бослоо.

“Нээрээ та хоёр минь амттай зүйл идээгүй удсан байх даа. Миний хүү эгч нь өвдөөгүй биз дээ?” санаа зовсон байдалтай чухал царайтай хүүгээсээ асуулаа.

“Аав~ амтгүй хоол хийдэг. Эгч өвдөөгүй ээ ээжээ.” гэж нарийнхан хүүхдийн хоолойгоороо хариуллаа.

Ээж хүү хоёр ингээд хөтлөлцөөд алхлаа. Үл мэдэгдэх хотод байх аз жаргалтай ээж хүү хоёр ганцаар энэ хотод байгаа мэт. Гэхдээ Баяр хүүгийн нүдэнд амьдралдаа харж байгаагүй хачирхалтай зүйлс туслаа.

Зарим байшингуудийн цонх хүний нүд мэт анивчина. Нүдний алим лугаа хэлбэртэй цонхнуудын хүүхэн харааны дотор зарим хүмүүс цонхоороо харна. Эсвэл хүүхэн харааг цонхны хөшгөөр тагласан байлаа. Эдгээр цонхнууд амьд мэт нууцлаг хотоор алхах хүмүүсийг ширтэж, нүдээ ирмэх юм.

Мөн хананы зарим хэсэгт хаанаас ч юм мэдэгдэхгүй чих ургачихсан байлаа. Зарим хаалга хүний ам шиг хэлбэртэй байх бөгөөд зарим нь бүр илт мэдэгдэхүйц уруултай байна. Баярт энэ үл мэдэгдэх хотын гаж этгээд зүйлс гайхшрал төрүүлсэн ч удаан уулзаагүй ээж нь хамгаас их анхаарал татна. Хажууд нь байгаагүй удсан болоод ч тэр үү? Эсвэл маш ихээр үгүйлсэн болоод энэ үү? Баяр ээжийгээ л харан харсаар түүнийг дагаад гэрт нь оров.

Европ маягын сүрлэн дээвэртэй жижигхэн залгаа байшингуудийн нэг ээжийнх нь гэр байв. Хаалгаар хөл гишгэн орвол хүү нүдэндээ ч итгэсэнгүй. Яг л долоон давхрын хорооллын байртай нь адилхан дотоод засалтай байр байна. Баярын гэр бүлтэйгээ амьдардаг гэр нь яг хуучин ямар байсан тэр чигээрээ. Аавын өрөө, эгчтэйгээ хамт унтах өрөө яг хэвээрээ. Гэрийнх нь бүх тавилгууд ч яг хэвэндээ байна.

Баяр ээжтэйгээ гэртээ ирсэн мэт байх боловч аав эгч хоёр нь алга. Энэ байр хорооллын долоон давхрын байрнаас ялгагдах ганц ялгаа бол цонхоор харвал гадна талд ногоон моддоор хүрээлүүлсэн цэцэрлэг биш харин нууцлаг хотын муруй гудамж харагдана.

Элэг бүтэн, ээжтэйгээ амьдардаг байсан шигээ хүү ээж хоёр өдөржингөө цагийг жаргалтай өнгөрүүлнэ. Цуг хоол хийж идэн, хүүгээ эрхлүүлэн, хүүтэйгээ эвлүүлдэг тоглоомоор байшин барьж хотын удирдлага болон тоглоно. Цагийн зүү харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд үл мэдэгдэх хотын улаан нар жаргах болов.

“Миний хүү одоо гэртээ харь. Харанхуй болж байна, энд харанхуй болоход үлдэж болохгүй. Дараа өглөө ээж дээрээ ирнэ биз дээ?” гэж ээж нь санаа зовсон байдалтай хөмсгөө үл мэдэгдэм атируулан хүүгээсээ асуулаа.

“Ээжээ та энд үргэлж байх юмуу? Та яагаад буцаж ирж болохгүй юм бэ?” гэж Баяр алаг нүдээ тормолзуулан гайхах, сониучирхах зэрэгцэн асуулаа.

“Ээж нь буцаж очиж болохгүй ээ. Миний хүү харин над дээр яаж ирсэн юм бэ?” Хэдийгээр урт хугацаа өнгөрсөн ч сая л хүүтэйгээ уулзсан мэт яаж хүүгээ ирсэнийг Сарантуяа эцэст нь санаж асуулаа.

“Ээжээ би тань дээр өнөөдөр ирсэн шиг ирье тэгвэл. Маш амархан биеэ үлдээгээд ирэхэд болно.” Баяр бахархалтай, хөгжилтэй аргаггүй цоглогхон хариуллаа.

Үл мэдэгдэх хотын цэлмэг саруул тэнгэрт наран жаргаж, сэлүүхэн хотоор хүүгээ хотын захад байх хаалга уруу ээж нь гаргаж өглөө. Хүү ирсэн замаараа буцаж, уул толгодын дэргэдүүр нисэн хотын дээгүүр дүүлэн нисч гэртээ эргээд ирлээ. Хотод үүр цайхын алдад хүү орон дотроо хэвтэх өөрийн биедээ эргэн орлоо. Баяр нүдээ аажуухан нээн орчин тойрноо ажив. Бүх зүйл яг л бодит мэт санагдана. Гэвч үүр цайгаагүй нэгэнт үд дунд болсон байв.

Зүүд эсэхийг мэдэхгүй ч түргэвчлэн Баяр эгч аав хоёртоо болсон явдлыг ярьж өгөв.Аав нь “зүүд байлгүй дээ” гэж дотроо бодоод итгэсэнгүй. Мөн арван настай эгч нь дүүгээ зүүдэлсэн гэж дотроо бодсон ч итгэсэн дүр үзүүлэв. Хэн дөрөвхөн настай хүүгийн энэ үнэмшмээргүй үгэнд итгэх билээ?

Дэлхийд цаг хугацаа удаан өнгөрөх мэт Баярт санагдана. Хүү орой болохыг тэсэн ядан хүлээж байв. Учир нь Баяр ээжтэйгээ уулзсан өнгөрсөн шөнийн явдлаа зүүд эсэхийг шалгахыг хүсч байлаа. Наран жаргаж унтах цагийг тэсгэл алдан хүлээнэ. Баяр өнгөрсөн шөнийн болсон явдлыг зүүд гэж бодохгүй байлаа. Даанч Баярт ямар ч сонголт байхгүй. Үүнийг зүүд эсэхийг унтах гэж хэвтэж байж мэднэ


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Тэнгэр газрын заагт [1.2]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s